ГАДААД УЛСАД ҮЙЛДСЭН ГЭРЭЭСЛЭЛИЙГ МОНГОЛ УЛСАД ХЭРХЭН ГҮЙЦЭТГЭХ ТАЛААР
Гэрээслэлтэй холбоотой аливаа асуудлыг Монгол улсын Иргэний хууль, Нотариатын тухай хууль, Дипломат албаны тухай хууль, Нотариатын үйлдэл хийх заавар /Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 171-р тушаалын хавсралт/, Монгол улсын Консулын дүрэм /Улсын Их Хурлын 71-р тогтоолын хавсралт/, эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай 2 талт гэрээ зэргээр зохицуулсан байдаг.
Гэрээслэлийн талаарх товч ойлголт
Гэрээслэлийн агуулга: Тухайн хүн өөрийн эд хөрөнгө, уг эд хөрөнгийн эрхийг үзэмжээрээ хуваарилан гэрээсэлнэ.
Гэрээслэлийн хэлбэр: Заавал бичгээр үйлдэх шаардлагатай бөгөөд үйлдсэн газар, он, сар, өдөр, цаг, минутыг гэрээслэлд тэмдэглэн гэрээслэгч өөрөө гарын үсгээ зурна.
Гэрээслэлийн хууль зүйн хүчин төгөлдөр шинж: нотариатаар гэрчлүүлснээр бүрдэнэ. Хэрэв гэрээслэл хийх газар нотариат байхгүй бол баг, дүүргийн Засаг даргаар гэрчлүүлж болно. Мөн өөр тохиолдлуудыг ч Иргэний хуулиар зохицуулсан байдаг. /ИХ 523 зүйлийн 2 дах хэсэг/
Нотариат гэрээслэлийг гэрчлэхдээ 2 баримт бичгийг үндэслэдэг байна. Үүнд:
§ гэрээслэгч нь өөрийн үйлдлийг бүрэн ойлгох чадвартай гэдгийг нотолсон мэргэжлийн эмчийн магадалгаа;
§ гэрээсэлж байгаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, эрх нь гэрээслэгчийн өмч болохыг нотолсон баримт.
Гэрээслэлээ хэдийд ч өөрчлөх эсхүл цуцалж болдог. Энэ үйлдэл бүрд нотариатын гэрчлэл заавал шаардлагатай. Гэрээслэл биелүүлэхийг гэрээслэлээр томилогдсон өвлөгчид даалгадаг. Мөн өөр этгээдийг гэрээслэл биелүүлэгчээр томилж болно. Гэрээслэгчийн өөрийнх нь бичсэн гэрээслэлийн эх хувийг нотариатч архивд авч үлддэг. Гэрээслэлийг ус нэвтэрдэггүй дугтуйнд хийдэг.
Нотариатч нь өв нээгдсэн үед гэрээслэлийг албан ёсоор задалж, гэрээслэлээр өв залгамжлагчид танилцуулахдаа гэрээслэгчийн нас барсны гэрчилгээ, эсхүл энэ тухай лавлагааг үндэслэн гүйцэтгэдэг
Өв нээгдэх үе: Өвлүүлэгч нас барсан өдрөөс, түүнчлэн иргэнийг нас барсан гэж зарласан бол Иргэний хуулийн 24 дүгээр зүйлд заасан өдрөөс өв нээгддэг.
Өв нээгдэх газар: Өвлүүлэгчийн сүүлчийн оршин сууж байсан газар, тэр нь мэдэгдэхгүй бол өвлөгдөх эд хөрөнгө буюу түүний гол хэсэг нь байгаа газрыг өв нээгдсэн газар гэдэг.
Гадаад улсад үйлдсэн гэрээслэлийг монгол улсад хэрхэн биелүүлэх талаар
Улс орнуудын ард түмний соёл, зан заншил, уламжлалын ялгаатай байдлаас үүдэн эрх зүйн зохицуулалт зөрүүтэй байдаг. Зөрүүтэй энэ байдлаас шалтгаалан олон улсын шинжтэй өвлөх харилцааг зохицуулахад бэрхшээл гардаг аж.
Өөр өөр улсад оршин байгаа өвийг хэрхэн өвлүүлэх тал дээр аль нэг улсын хуулиар зохицуулахад хялбар биш. Өв залгамжлалын асуудлыг зохицуулсан олон талт гэрээ ховор бөгөөд түгээмэл нэг конвенц байдаг нь 1961 оны Гаагийн “гэрээслэлийн хэлбэрт хэрэглэгдэх эрхийн тухай” юм. Гэвч манай улс энэ конвенцод нэгдэн ороогүй байна.
Гэхдээ өв залгамжлалын харилцаанд хэрэглэгдэх хуулийг сонгох үндсэн хоёр арга түгээмэл хэрэглэгддэг байна. Үүнд:
1. Өвлүүлэгчийн хувийн хууль /иргэний харьяалал эсхүл амьдран суугаа газар/
2. Өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа улсын хууль.
Иргэний харьяаллыг үндсэн холбоосонд ашигладаг улсуудад Япон, БНСУ, ХБНГУ, Франц зэрэг орно.
Харин амьдран суугаа газрыг Монгол улс, ОХУ, БНХАУ зэргээс гадна Англи зэрэг англи саксоны эрх зүйн бүлийн улс орнууд үндсэн холбоосоор ашигладаг.
Манай улсын хуульд хэрхэн тусгасныг үзвэл Иргэний хуулийн 552 зүйлд “өвлүүлэгч хамгийн сүүлд нутаг дэвсгэр дээр нь байнга амьдран сууж байсан улсын хуулиар зохицуулна” гэжээ. /ИХ-н 63-р бүлэг/
Сүүлийн үед зарим улс өөрийн нутаг дэвсгэр дээр оршин байгаа үл хөдлөх хөрөнгийг өвлөх харилцааг зөвхөн өөрийн дотоодын хуулиар зохицуулж байна. Манай улс үүнд хамаарагддаг. Иргэний хуулийн 552-р зүйлийн 552.4-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа үл хөдлөх эд хөрөнгийг өвлүүлэх, гэрээслэх, түүнийг өөрчлөхөд Монгол Улсын хуулийг хэрэглэнэ”.
Гадаад улсад суугаа Консул Монгол улсын Консулын дүрэмд зааснаар нотариатын үйлчилгээ үзүүлдэг байна.
Мөн Консул нь Монгол Улсад байгаа өв залгамжлагчид дамжуулан өгөхөөр өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн авч, суугаа улсын хууль тогтоомжийн дагуу хамгаалах, шилжүүлэх, өвлүүлэх асуудлыг шийдвэрлүүлнэ. Гэрээслэлтэй холбоотой асуудлыг зохицуулсан Монгол улсын хууль, заавар, журам, тэдгээрийн холбогдох заалтуудад дараах орно. Үүнд:
§ Иргэний хуулийн 522-526, 533, 552,518,519,24;
§ Нотариатын тухайн хуулийн 25,31,40;
§ Нотариатын үйлдэл хийх зааврын 3,6,8;
§ Дипломат албаны тухай хуулийн 6.1; 6.2;.7.1.6;
§ Консулын дүрмийн 7, 12 зүйлүүд тус тус юм.