ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль нь 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Улсын Их Хурлаар батлагдаж, 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр дагаж мөрдөж эхэлсэн байдаг.           

Хуулийн зорилт нь гэмт хэрэг хянан шийдвэрлэх явцад гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, тэднийг мэдээллээр хангах, дэмжлэг, туслалцаа үзүүлэх эрх зүйн үндсийг тогтооход оршдог.

Хуулийн үйлчлэлд гэрч, хохирогч, шаардлагатай гэж үзвэл гэрч, хохирогчийн хамаарал бүхий этгээд хамаарах ба гэмт хэрэг илрүүлэхэд ач холбогдол бүхий мэдээлэл, баримт сэлт өгөх болон бусад байдлаар туслалцаа үзүүлсэн, гэмт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцоогүй хүн хамаарагдаж болох байна.

Гэрч гэдэг нь хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа, тухайн хэрэгт холбогдолгүй хүнийг ойлгоно. Харин гэмт хэргийн улмаас нэр төр, алдар хүнд, санаа сэтгэл, бие эрхтэн, эд хөрөнгийн талаар хохирол хүлээсэн этгээдийг хохирогч  гэнэ.

Мөн гэрч, хохирогчийн хамаарал бүхий этгээд гэж тэдгээрийн нөхөр /эхнэр/, хамтран амьдрагч, эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, төрсөн, дагавар болон үрчилж авсан хүүхэд, төрсөн ах, эгч, дүү, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охиныг ойлгоно.

Гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирч болзошгүй хангалттай үндэслэл байгаа, эсхүл хохирол учирсан бол хамгаалуулах эрх үүсдэг байна.

ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨРӨЛ

1/ Аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ

2/ Сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээ

  • урьдчилан сануулах;
  • тодорхой үйлдлийг хязгаарлах;
  • биечилсэн хамгаалалт;
  • мэдээллийн нууцлалыг хангах;
  • нэг бүрийн тусгай хэрэгсэл болон тусгай техник хэрэгсэл, харилцаа холбооны хэрэгслээр хангах;
  • аюулгүй газарт түр байрлуулах;
  • нүүлгэн шилжүүлэх;
  • баримт бичгийг солих;
  • гадаад төрхийг өөрчлөх.
  • гэрч, хохирогчийг хамгаалалтад авсан үеэс эхлэн шаардлагатай тохиолдолд сэтгэл зүйчийг байлцуулах;
  • гэрч, хохирогчийн оролцоотой явагдах мөрдөн шалгах ажиллагааны явцад үүсэх сэтгэл зүйн таагүй нөхцөл байдлын талаар урьдчилан мэдээлэх;
  • шүүх хуралдааны хугацаа, дараалал, явц болон нөхцөл байдлын талаар урьдчилан мэдээлэх;
  • шүүх хуралдааны танхимд гэрч, хохирогчтой сэтгэл зүйчийг хамт байлцуулах;
  • шаардлагатай бусад арга хэмжээ.

      Хамгаалалтын арга хэмжээг тухайн нөхцөл байдлаас шалтгаалан сонгож хэрэглэх ба хамгаалалтад шаардагдах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

       Сэтгэл зүйчийн баг хамгаалалтад байгаа гэрч, хохирогчид үзүүлэх сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

         Хамгаалалтад байгаа гэрч, хохирогчид дараах туслалцаа үзүүлнэ. Үүнд:

1. хууль зүйн туслалцаа;

2. сэтгэл зүйн туслалцаа;

3. эрүүл мэндийн туслалцаа

        Эдгээр туслалцаа болон гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон бол эрүүл мэндийн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлнэ.

Аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг Цагдаагийн алба, Мөрдөх алба, Тахарын алба, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар өөрийн эрх хэмжээний хүрээнд хэрэгжүүлдэг.

Тахарын алба нь гэрч, хохирогчийг хамгаалах талаар дараах үүрэг хүлээдэг байна. Үүнд:

  • гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээг шуурхай авах;
  • гэрч, хохирогчийг мэдээллээр хангах;
  • нүүлгэн шилжүүлэх, баримт бичиг солих, мэс заслын аргаар гадаад төрхийг өөрчлөх хамгаалалтын арга хэмжээг холбогдох байгууллагатай хамтран шийдвэрлэх;
  • шинээр ажилд ороход туслалцаа үзүүлэх, мэргэжлийн сургалтад хамруулах;
  • хууль зүйн туслалцаа болон бусад нийгмийн үйлчилгээ үзүүлэх;
  • шаардлагатай гэж үзвэл аюулгүй байдлын хамгаалалтын хэлбэрийг өөрчлөх тухай саналаа холбогдох албан тушаалтанд гаргах;
  • энэ гэрч, хохирогчийн хамаарал бүхий этгээдийг хамгаалах, туслалцаа үзүүлэх;
  • хамгаалалтын үйл ажиллагааны нууцлалыг хангах;
  • шаардлагатай бусад.

Хамгаалалтад байгаа гэрч, хохирогч аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ хэрэглэх шийдвэрийн талаар гомдол гаргах эрхтэй бөгөөд шийдвэрийг танилцуулснаас хойш 14 хоногийн дотор гомдлоо шүүхэд гаргах эрхтэй. Шүүх гомдлыг ажлын таван өдрийн дотор хянаж шийдвэрлэнэ.

Шүүх, прокурор, мөрдөн шалгах эрх бүхий байгууллага болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хамгаалалтад байгаа болон хамгаалалтад байсан гэрч, хохирогчийг хамгаалах зорилгоор Тахарын албыг дараах мэдээллээр шуурхай хангах үүргийг хүлээдэг байна.

  • яллагдагчид авсан, өөрчилсөн таслан сэргийлэх арга хэмжээний талаар;
  • өршөөсөн, уучилсан шийдвэрийн талаар;
  • сулласан, хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон талаар;
  • ялтан хорих байгууллагаас түр болон бүрмөсөн чөлөөлөгдсөн талаар.

Хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх шийдвэр гаргасан болон уг шийдвэрийг хэрэгжүүлж байгаа албан тушаалтан хохирогч, гэрчийн хувийн байдлын тухай мэдээллийг задруулахыг хориглодог.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасны дагуу “Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан”-гийн хөрөнгөөс Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн 81.1, 81.2 /Төр, нийгмийн зүтгэлтний амь биед халдах/, 91.1, 91.2 /Хүнийг санаатай алах/, 96.1, 96.2 /Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах/, 108.3 /Хүн хулгайлах/, 109.3 /Хүнийг хууль бусаар хорих/, 112.3 /Хүнийг барьцаалах/, 113.3 /Хүн худалдаалах/, 126.2, 126.3 /Хүчиндэх/, 147.3 /Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх/, 177.2 /Зандалчлах/, 1781.2 /Терроризм/, 251.2, 251.3 /Эрүү шүүлт тулгах/-т заасан гэмт хэргийн улмаас амь насаа алдсан этгээдийн гэр бүлийн гишүүн, түүнчлэн хүнд гэмтэл учирсан хохирогчийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт заасан дор дурдсан хохиролд нөхөн төлбөрийг олгодог байна. Үүнд:

  • эмчилгээний зардал;
  • оршуулгын зардал;
  • хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого.

Гэмт хэргийн хохирогчид олгох нөхөн төлбөрийн хэмжээ нь хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тодорхойлогдоно.

Гэмт хэргийн улмаас Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасны дагуу хамгаалалтад байгаа гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул учирсан бол “Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан”-с эмчилгээний зардлыг шүүхийн шийдвэр гарсан эсэхээс үл хамааран нэн даруй олгож, буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг байна.