БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРТ ТАВИГДАХ ШААРДЛАГА, ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/205 дугаар тушаалын хавсралтаар Баяжуулах үйлдвэрт тавигдах шаардлага, үйл ажиллагаа эрхлэх журмыг баталсан байна.
Энэхүү Баяжуулах үйлдвэрт тавигдах шаардлага, үйл ажиллагаа эрхлэх журмаар газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдлаас ашигт малтмал ялган авах, баяжуулах үйлдвэрт тавигдах шаардлага, үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.
Мөн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч, бусад эрх бүхий этгээдээс түүхий эд худалдан авч баяжуулах үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдэд хамаарна.
Журмын 2 дугаар зүйлээр Төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагын эрх, үүргийг, журмын 3 дугаар зүйлээр Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэгчийн эрх үүрэг, журмын 4 дүгээр зүйлээр баяжуулах үйлдвэрт тавигдах шаардлага, тавдугаар зүйлээр Баяжуулах үйлдвэрийн технологийн хяналт, сорьцлолт, зургаа дугаар Бичил уурхайгаар олборлосон ашигт малтмалыг баяжуулах талаарх зохицуулалт, долоодугаар зүйлээр Баяжуулах үйлдвэрийг хаах, найм дугаар хариуцлагын талаар зохицуулж өгсөн байна.
Баяжуулах үйлдвэрт тавигдах шаардлага:
1. Баяжуулах үйлдвэрийн барилга байгууламжийг аймаг, нийслэлээс томилсон техникийн комисст хүлээлгэн өгч акт гаргуулсан байх;
2.Баяжуулах үйлдвэрийн техник, технологи нь орчин үеийн шаардлагад нийцсэн, байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөлгүй байх;
3.Агаар мандал, хөрс, усны чанарт нөлөөлөх хорт хий, химийн хорт болон аюултай бодисын агууламжийг зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлэхгүй байх;
4.Баяжмал дахь үндсэн болон дагалдах ашигт элемент бүрийн агуулгыг тодорхойлсон байх;
5.Баяжуулах үйлдвэрт шаардлагатай ус, цахилгаан, дулаан хангамжийн эх үүсвэрийг бүрдүүлэх, холбогдох зөвшөөрлийг авч шаардлагатай тохиолдолд гэрээ байгуулсан байх;
6.Үйлдвэрийн гадаад орчин дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Үйлдвэрийн хаяг, байршлын ерөнхий зургийг байршуулсан байх;
-Зам, талбайг цардсан, анхааруулах болон мэдээлэх тэмдэг, тэмдэглэгээ, гэрэлтүүлэгтэй байх,
-Тохижилт, эрүүл ахуйн шаардлага хангасан байх;
-Ахуйн болон үйлдвэрийн хог хаягдлыг түр хадгалах болон устгах, тусгайлан зассан цэг талбайтай байх;
-Бүтээгдэхүүн, материал, химийн бодисыг зөөвөрлөх, ачиж буулгах зориулалтын цардсан зам, талбайтай байх;
-Химийн бодис хадгалах зориулалтын агуулахтай байх.
7.Баяжуулах үйлдвэрийн ажлын байранд тавигдах шаардлага. Үүнд:
- Ажлын байрны тодорхойлолттой байх;
- Технологийн дамжлага бүр мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан байх;
- Хүний нөөцийг мэргэжил дээшлүүлэх болон давтан сургалтад хамруулсан байх;
- Баяжуулах үйлдвэрийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нэгдсэн дүрэмд нийцсэн байх;
- Үйлдвэрийн доторх дэвсгэр зураг, орц, гарцын схемийг байршуулсан байх;
- Ажлын байрны дүгнэлт гаргуулсан байх;
8.Баяжуулах үйлдвэр дээр дараах баримт бичгийг байлгана. Үүнд:
- Хуулийн этгээдийн гэрчилгээ (хуулбар);
- Химийн хорт болон аюултай бодис ашиглах тусгай зөвшөөрөл;
- Үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл;
- Баяжуулах үйлдвэрийн хаягдлын аж ахуйн зураг төсөл;
- Ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө болон тайлан, сар, улирал, долоо хоногийн мэдээ;
- Аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө;
- Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ;
- Байгаль орчны менежментийн төлөвлөгөө;
- Газар ашиглах гэрээ;
- Ус ашиглах гэрээ;
- Цахилгаан ашиглах гэрээ;
- Хөрөнгө түрээслэх болон бүтээгдэхүүн борлуулах гэрээ;
- Үйлдвэрийн үндсэн түүхий эдийг худалдан авах гэрээ, хэлцэл;
- Ажил гүйцэтгэх зааварчилга;
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилга, сургалтын бүртгэл;
- Баяжуулах үйлдвэрийн ажилчдын судалгаа (Мэргэжлийн боловсон хүчин, орон нутгаас ажиллагсдын мэдээлэл);
- Төлөвлөгөөт хяналт, сорьцлолтын тайлан, хяналтын байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний гүйцэтгэлийн тайлан.
- Баяжуулалтын технологийн хяналтын өдөр тутмын бүртгэл.
9.Баяжуулах үйлдвэр нь технологийн заавартай байх бөгөөд 5 жил тутамд шинэчлэн үйлдвэр, хэсгийн эрх бүхий албан тушаалтнаар баталгаажуулсан байх.
10.Тоног төхөөрөмжийн ашиглалтын паспортыг хөтлөх.
11.Хаягдлын аж ахуйн хяналт, шинжилгээ, үнэлгээний ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран гүйцэтгэнэ.
Энэхүү журмыг зөрчсөн иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Эх сурвалж: https://www.legalinfo.mn/law/details/14720?lawid=14720