ГАДААДЫН ИРГЭНД МОНГОЛ УЛСАД ХУВИЙН ХЭРГЭЭР ЗОРЧИХ УРИЛГА ОЛГОХ ЖУРАМ

   Уригч гэж урилга авахаар хүсэлт гаргаж байгаа 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн, тус улсад хууль ёсоор 90 хоногоос дээш хугацаагаар оршин суугаа гадаадын иргэнийг, уригдагч гэж уригдахаар хүсэлт гаргагч болон уригчаас өөрт нь илгээсэн урилгыг хилийн чанадад байхдаа хүлээн авсан гадаадын иргэнийг ойлгоно.

   Уригч дараах үүрэг хүлээнэ:

-урилга мэдүүлэх хуудсыг үнэн зөв бөглөх;

-Монгол Улсад оршин суухад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн баталгааг гаргах;

-Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг сахин биелүүлэх, уригдагчийг Монгол Улсад байх хугацаанд түүний аюулгүй байдлыг хариуцах, Монголын ард түмний уламжлал, зан заншлыг хүндэтгэн сахиулах;

-уригдагчийг Монгол Улсад байх визийн хугацаанд нь буцаах;

-хуульд заасан бусад.

   Уригдагч Монгол Улсад байх хугацаандаа дараах үүрэг хүлээнэ:

-Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг сахин биелүүлэх, Монголын ард түмний уламжлал, зан заншлыг хүндэтгэх;

-Монгол Улсад байх визийн хугацаанд буцах;

-хуульд заасан бусад.

   Уригч нь мэдүүлгийн хуудас бөглөн дараах бичиг баримтыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж хүсэлтээ гаргана:

-өргөдөл;

-иргэний үнэмлэх, Монгол Улсад оршин суух үнэмлэх;

-уригдагч гадаадын иргэний гадаад паспорт, паспортыг орлох хууль ёсны баримт бичгийн хуулбар;

-уригдагч гадаадын иргэний Монгол Улсад байх хугацаанд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн талаарх баталгаа;

-Уригч нь урилга хүссэн өргөдөлдөө уригдах гадаадын иргэний Монгол Улсад зорчих шалтгаан, зорилгыг тодорхой зааж, гадаадын иргэнийг тус улсад байх хугацаанд хөдөлмөр эрхлүүлэхгүй байх, нутаг буцаах талаар дурдана.

   Уригчийн бүрдүүлсэн баримт бичгийг хүлээн авсан мэргэжилтэн дараах мэдээллийг шалган урилга олгох үндэслэлтэй эсэхийг тогтооно:

-уригч нь энэ журамд заасан уригч байх эрхтэй эсэх;

-уригдагч нь энэ журамд заасан уригдагч байх эрхтэй эсэх;

-уригч нь өмнө урьсан гадаадын иргэнээ Монгол Улсад байх визийн хугацаанд нь буцааж байсан эсэх;

-уригдагчийн талаар үнэн зөв мэдээлэл өгч байгаа эсэх.

   Шаардлагатай тохиолдолд зарим гадаад орны иргэнд хувийн урилга олгохдоо хууль хяналтын байгууллагаас санал авч шийдвэрлэнэ.

-Урилгыг 30 хүртэл хоногоор олгоно.

-Урилга нь бичигдсэн өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд хүчинтэй байна.

- Урилга олгохоор зөвшөөрсөн тохиолдолд мэдүүлгийн хуудас бөглүүлж, урилгын хураамжийг төлүүлнэ. Урилгыг ажлын 5 өдөрт, яаралтай үйлчилгээг ажлын 3 өдөрт багтаан олгоно.

- Урилгад Ерөнхий газрын даргаас эрх олгогдсон албан тушаалтан гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулна.

-Уригдагч нь уригчаас илгээсэн урилгыг хүлээн авч Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт холбогдох бичиг баримтын хамт бүрдүүлэн виз авах хүсэлтээ гаргана.

-Ерөнхий газар нь урилгыг Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн болон Консулын газарт цахим хэлбэрээр илгээж болно.

   Эх сурвалж: Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын 2016 оны А/284 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт