ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

   Тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах энгийн ажилд хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллаж байгаа ажилтны хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор эрх бүхий этгээдээс тогтоосон цагийн үндсэн цалин /хөлс/-гийн нийтээр дагаж мөрдвөл зохих хамгийн доод хязгаарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг ба тодорхой боловсрол, тусгай мэргэжил, ур чадвар шаардах ажилд хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллаж байгаа ажилтны цагийн үндсэн цалин /хөлс/-г хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоохыг хориглодог.

   Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дараах хүчин зүйлийг харгалзан тогтоох буюу өөрчилдөг. Үүнд:

1. хүн амын амьжиргааны өртгийн өөрчлөлт;

2. хөдөлмөрийн бүтээмж, дундаж цалингийн зохистой харьцаа;

3. нийгмийн даатгалын болон халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ;

4. эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн түвшин зэргийг харгалзан хоёр жилд нэг удаа тогтоодог болно.

   Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 05 дугаар тогтоолоор “Улсын хэмжээнд мөрдөгдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 1904 төгрөг 76 мөнгө буюу сард 320 мянган төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс нэг цагт 2500 төгрөг буюу сард 420 мянга байх”-аар шинэчлэн тогтоосон.

   Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 420,000 төгрөг болох ба одоогийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 100,000 төгрөгөөр нэмэгдэх юм байна.

    Эх сурвалж: http://www.mlsp.gov.mn/op/more/id/78