НИЙСЛЭЛИЙН ГЭР ХОРООЛЛЫН ӨРХИЙН ОРОЙ, ШӨНИЙН ЦАГТ ХЭРЭГЛЭСЭН ЦАХИЛГААНЫ ТАРИФТ ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

   Монгол Улсын Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 433 дугаар тогтоолоор “Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Нийслэлийн гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тариф болон сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг 2019 оны 11 дүгээр 01-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд 100 хувиар хөнгөлөх”-ийг цахилгаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үүрэг болгожээ.

   Нийслэлийн гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх нэг сарын хэрэглээний дээд хязгаарыг 220 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 700 кВт.цаг, 380 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 1500 кВт.цаг байхаар тогтоосон.

   Нийслэлийн гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх нэг сарын хэрэглээний дээд хязгаараас илүү хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар хөнгөлөхөөр тогтсон.

   Мөн цахилгаан шугам сүлжээний тоног төхөөрөмжийн найдвартай, аюулгүй ажиллагааг хангах, гэр хорооллын өрхөд цахилгааны ашиглалтын аюулгүй байдалтай холбоотой сэрэмжлүүлэг, зөвлөмж өгөх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг цахилгаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үүрэг болгожээ.

   Энэхүү тогтоол нь Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 4495 дугаарт бүртгэгдсэн байна.

   Эх сурвалж: https://www.legalinfo.mn/law/details/14724?lawid=14724