ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХЭД ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВНА

   Зээлийн мэдээллийн тухай хуулийн дагуу Монгол Улсад зээлийн мэдээллийн үйлчилгээг Монголбанкнаас зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан ашгийн төлөө хуулийн этгээд эрхлэн явуулахаар заасан.

    Зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлтэй аж ахуйн нэгж нь Зээлийн мэдээллийн тухай хууль, Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийн журамд заасан шаардлага болон Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А-239 дүгээр тушаалаар батлагдсан өөрийн хөрөнгийн доод шаардлагыг тус тус хангасан байна.

   Монголбанк нь Зээлийн мэдээллийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, өнөөгийн Монгол Улсын банк, санхүүгийн системийн хөгжилд зээлийн мэдээллийн тогтолцоог нийцүүлэх үүднээс хууль, журамд заасан шаардлагыг хангасан хуулийн этгээдийн тусгай зөвшөөрөл авах хүсэлт болон холбогдох баримт, бичгийг нээлттэй хүлээн авч байгаа болно.

   Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл олгоход дараах шаардлагууд тавигддаг:

    Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд нь хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулна. Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ, Монголбанкнаас зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл олгоход баримтлах ажил үйлчилгээний шимтгэлийг Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар томилно.

   Түүнчлэн, зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргагч хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчид тавигдах шаардлага:

-Үүсгэн байгуулагч нь хуулийн этгээд бол тухайн холбогдох хууль тогтоомжийн дагуу санхүү, үйл ажиллагааны тайлан мэдээгээ жил бүр, эсхүл түүнээс богино хугацаанд тайлагнадаг байх;

-Үүсгэн байгуулагч нь хуулийн этгээд бол санхүүгийн тайлан мэдээг Монгол улсын хууль тогтоомжийн дагуу аудитын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий байгууллагаар, эсхүл Монголбанкны хүлээн зөвшөөрсөн олон улсын нэр хүнд бүхий аудитын байгууллагаар жилд нэгээс доошгүй удаа баталгаажуулдаг байх;

-Хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулах мөнгөн хөрөнгө нь тухайн этгээд, түүнтэй холбогдох этгээдийн санхүүгийн тайлангаар тодорхойлогдсон, хууль ёсны үйл ажиллагааны орлого байх;

-Дампуурлын хэргийн хариуцагч, эсхүл хариуцагч хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан бус байх;

-Эдийн засаг, өмчлөх эрх, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхол, авлигын эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаагүй байх;

-Санхүүгийн чадавхитай, зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдал үүсгэхгүй байх;

-Тухайн хувьцааны эцсийн өмчлөгчийг нотолсон хангалттай баримт ирүүлсэн байх.

   Эх сурвалж: https://www.mongolbank.mn/news.aspx?tid=1&id=2418