АЛБАН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭХ ЯВЦАД ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН АМЬ НАС ХОХИРСОН ТОХИОЛДОЛД АР ГЭРТ НЬ НЭГ УДААГИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОХ ТУХАЙ

   Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 8 дугаар  тогтоолын хавсралтаар Албан үүргээ гүйцэтгэх явцад төрийн албан хаагчийн амь нас хохирсон тохиолдолд ар гэрт нь нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмыг баталсан.

   Уг журмаар Албан үүргээ гүйцэтгэх явцад төрийн албан хаагчийн амь нас хохирсон тохиолдолд түүний ар гэрт Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т “Албан үүргээ гүйцэтгэх явцад төрийн албан хаагчийн амь нас хохирсон тохиолдолд 60 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг түүний ар гэрт нь олгоно” гэж заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход мөрдөнө.

   Төрийн тусгай албан хаагч албан үүргээ гүйцэтгэх явцад амь нас хохирсон тохиолдолд Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “Цэргийн алба хаагч, түүнчлэн дайчилгаатай сургууль цугларалтад оролцож байгаа цэргийн үүрэгтэн энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан шалтгаанаар амь насаа алдвал 10 жилийн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан шалтгаанаар амь насаа алдвал 5 жилийн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан шалтгаанаар амь насаа алдвал 3 жилийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг тухайн албан хаагчийн сарын цалин хөлсний дунджаар, хэрэв байлдагч, түрүүч, цэргийн үүрэгтэн амь насаа алдсан бол ахлагчийн сарын цалин хөлсний дунджаар тооцож тэдний ар гэрт нэг удаа олгоно” гэж заасныг баримтална.

    “Албан үүргээ гүйцэтгэх явцад” гэдэгт ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг ажлын болон ажлын бус цагаар албан ажлын байр, ажил үүрэгт хамаарах бусад байршилд гүйцэтгэх, мөн гэрээс ажлын байр, ажлын байрнаас гэртээ харих, албан томилолтоор ажиллах явцыг хамааруулж ойлгоно.

Нэг удаагийн буцалтгүй тусламж олгох

   Хуульд өөрөөр заагаагүй бол албан үүргээ гүйцэтгэх явцад төрийн албан хаагчийн амь нас хохирсон тохиолдолд 60 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг түүний ар гэрт нь ажиллаж байсан төрийн байгууллагаас олгоно.

   Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд нэг удаагийн буцалтгүй тусламж олгох талаар заасан бол төрийн албан хаагчийн ар гэр эдгээр тусламжийн аль илүүг сонгох эрхтэй бөгөөд энэ тохиолдолд буцалтгүй тусламжийг давхардуулан олгохгүй.

   Төрийн албанаас чөлөөлөгдсөн иргэний амь насанд урьд гүйцэтгэж байсан албан үүрэгтэй нь холбогдуулан хохирол учруулсан бол энэ журамд заасан буцалтгүй тусламжийг түүний ар гэрт мөн адил олгоно.

   Төрийн албан хаагчийн ар гэрт энэ журамд заасны дагуу олгосон  буцалтгүй тусламжийн хөрөнгийг холбогдох хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ. Буцалтгүй тусламжийн хөрөнгийг гэм буруутай этгээдээс нэхэмжлэх үүргийг тухайн байгууллагын төсвийн шууд захирагч хариуцна.

   Эх сурвалж: https://www.legalinfo.mn/law/details/14113