БАЙГАЛЬ ОРЧНЫ АУДИТ ХИЙХ ЭРХ ОЛГОХ ЖУРАМ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/809 дүгээр тушаалаар батлагдсан Байгаль орчны аудит хийх эрх олгох журмын зорилго нь байгаль орчны аудит хийх эрх олгох, сунгах, цуцлах болон байгаль орчны аудитын мэргэшсэн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулна.
Байгаль орчны аудит хийх эрхийг холбогдох хууль, Байгаль орчны аудит хийх эрх олгох журамд заасан шаардлага, нөхцөлийг хангасан Монгол Улсын хуулийн этгээдэд Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгоно.
Байгаль орчны аудит хийх эрх бүхий хуулийн этгээд нь зөвхөн байгаль орчны аудитын үйл ажиллагаа эрхэлнэ. Байгаль орчны аудитын үйл ажиллагааг хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрээр эрхлэн явуулж болно.
Мөн журмаар Байгаль орчны аудит хийх эрх олгох, сунгах, цуцлах, Байгаль орчны аудиторын эрх олгох, сунгах, цуцлах, Байгаль орчны аудит хийх эрх бүхий хуулийн этгээдийн эрх, үүрэг, Байгаль орчны аудитын захиалагчийн эрх, үүрэг, Байгаль орчны аудитын ажил гүйцэтгэх гэрээ, экологийн хариуцлагын гэрээ, даатгал, Байгаль орчны аудиторын ёс зүйн зарчим, зөрчил, Байгаль орчны аудитын чанарын баталгаажуулалт, Байгаль орчны салбарын төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоо, Байгаль орчны аудитор, аудит хийх эрх бүхий хуулийн этгээдтэй холбоотой гомдол, маргааныг шийдвэрлэх талаар дэлгэрэнгүй зохицуулсан байна.
Иргэн, хуулийн этгээд нь байгаль орчны аудитор, аудит хийх эрх бүхий хуулийн этгээдийн талаарх гомдлыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргаж болно.
Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тухайн гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 30 хоногт багтаан шалгаж гомдол гаргагчид хариу мэдэгдэнэ.
Эх сурвалж: https://www.legalinfo.mn/law/details/14977?lawid=14977