НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАР ТӨЛӨГЧИЙН ХУДАЛДАН АВАЛТАД ТӨЛСӨН НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫГ БУЦААН ОЛГОХ ЖУРМЫН ТУХАЙ

   Сангийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан уг журмаар Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын 20 хүртэлх хувийг буцаан олгох болон түүнтэй холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд бараа, ажил, үйлчилгээг аливаа хэлбэрээр борлуулахгүй, аж ахуйн үйл ажиллагааны бус, хувийн хэрэглээнд худалдан авч, импортоор оруулсан хувь хүнд уг журам үйлчлэх юм.

  Харин бараа, ажил, үйлчилгээг аливаа хэлбэрээр борлуулахгүй, аж ахуйн үйл ажиллагааны бус, хувийн хэрэглээнд бараа, ажил, үйлчилгээ нь албан татвараас чөлөөлөгдсөн бол энэ журамд хамаарахгүй.

Албан татварыг буцаан олгох нөхцөл:

Албан татварыг буцаан олгоход дараахь нөхцөлийг нэгэн зэрэг хангасан байх шаардлагатай:

- Албан татвар төлөгчийн худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зориулалт /бараа, ажил, үйлчилгээг аливаа хэлбэрээр борлуулахгүй, аж ахуйн үйл ажиллагааны бус, хувийн хэрэглээнд худалдан авч, импортоор оруулсан/-ын шаардлагыг хангасан байх;

-  Албан татвар суутган төлөгчөөс албан татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан байх;

-  Татварын албанд бүртгэгдсэн худалдан авалтын мэдээлэл нь төлбөрийн баримтын агуулгаар бүртгэлийн хэрэгсэл, бүртгэлийн машин, нэгдсэн болон хэрэглэгчийн системд бүртгэгдсэн байх;

-  Албан татвар төлөгч болон албан татвар суутган төлөгчийн бүртгүүлсэн төлбөрийн баримтын мэдээлэл нь баталгаажсан байх; /Тайлбар: төлбөрийн баримтын мэдээлэл баталгаажсан гэдэг нь нэгдсэн систем дэх худалдан авалтын бүртгэлийн мэдээллийг албан татвар төлөгч болон албан татвар суутган төлөгчийн оруулсан мэдээлэл харилцан нийцэж бүртгэгдсэн байхыг ойлгоно./

-  Албан татвар төлөгч нь нэгдсэн системд бүртгэгдсэн байх.

Албан татвар төлөгч буцаан олголтод хамрагдах:

   Албан татвар төлөгч нь төлсөн албан татварынхаа 20 хүртэлх хувийг буцаан авах хүсэлтэй бол нэмэгдсэн өртгийн албан татварын нэгдсэн системийн хэрэглэгчийн хэсэгт нэвтрэн, системийн өгөгдлийн дагуу дараах мэдээллийг кирилл үсгээр бүртгүүлж, баталгаажуулна. (Энэхүү хэрэглэгчийн хэсгийн тусламжтайгаар албан татвар төлөгч нь төлсөн албан татвар болон буцаан авах албан татварын хэмжээгээ хянах боломжтой).

 Албан татвар төлөгч нь буцаан олголтод хамрагдахын тулд дараах нөхцөлийг хангасан байна. Үүнд:

-  Албан татвар суутган төлөгчөөс бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан тухай бүр худалдан авалтаа нотолсон төлбөрийн баримтыг цаасан эсхүл цахим хэлбэрээр авсан байх;

-  Төлбөрийн баримтын мэдээллийг хэрэглэгчийн хэсэг дэх өөрийн бүртгэлдээ бүртгүүлсэн байна;

-  Албан татвар төлөгчийн / албан татварын буцаан олголтоо авах Монгол Улсад бүртгэлтэй банк, дансны дугаар/ мэдээлэл зөрүүтэй талаар нэгдсэн системээс мэдэгдэл хүргүүлсэн тохиолдолд мэдээллийг арван тав /15/ хоногийн дотор засварлах.

Албан татвар буцаан олгох:

   Албан татвар төлөгчийн худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн албан татварын буцаан олголтыг улирал бүр хэрэглэгчийн хэсэгт бүртгүүлсэн буцаан олголт авах харилцах болон хадгаламжийн дансанд олгоно.

Албан татвар төлөгчид буцаан олголт олгохгүй байх нөхцөл:

   Тухайн улирлын сүүлийн өдрийн 24 цаг 00 минутаас өмнө худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг дараагийн улирлын эхний сарын 8-ны дотор төлбөрийн баримтаа нэгдсэн системд бүртгүүлээгүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгохгүй.