ТАТВАР ТӨЛӨГЧ ТАТВАРЫН ТАЙЛАН ҮЙЛДЭХ, ТУШААХ ТУХАЙ

   Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу татвар төлөгч нь татварын тайлангаа хуулинд заасан хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана.

 Татвар төлөгчийн хувьд татварын тайлан үйлдэх, тушаахтай холбогдуулан дараах үүргийг хүлээхээр заасан. Үүнд:

- Анхан шатны баримт бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөтөлж, татварын тайланг санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн үйлдэх;

- Татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ гаргаж, тогтоосон хугацаанд татварын албанд хүргүүлэх;

- Суутгасан татварыг хуульд заасан хугацаанд харьяа татварын албанд үнэн зөв тайлагнах;

- Татварын тайлантай холбоотой баримт, мэдээллийг гадаад хэл дээр үйлдсэн бол монгол хэл дээр орчуулах бөгөөд ийнхүү орчуулахтай холбогдсон зардлыг татвар төлөгч өөрөө хариуцах;

- Татвар төлөгч болон түүний баримтыг бүрдүүлэх, бүртгэл хөтлөх үүрэг хүлээсэн этгээд нь уг баримт, бүртгэлийг татвар төлөх хөөн хэлэлцэх хугацаа дуустал Монгол Улсын нутаг дэвсгэрт хадгалах;

- Татварын тайланд тусгах, бүртгэх төлбөр тооцоо гадаад валютаар хийгдсэн тохиолдолд тухайн гүйлгээ хийсэн өдрийн Монголбанкны албан ханшаар тооцож төгрөгөөр илэрхийлэх гэсэн үүргийг тус тус хүлээнэ.

   Татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа долоо хоног бүрийн Бямба, Ням гараг, нийтээр тэмдэглэх баярын өдөртэй давхацсан тохиолдолд түүний өмнөх ажлын өдөр нь татвар төлөх, тайлагнах эцсийн өдөр байх ба Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга шаардлагатай тохиолдолд тайлан хүлээн авах хугацааг 7 хоног хүртэлх хугацаагаар сунгаж болох зохицуулалттай, энэ тухайгаа олон нийтэд урьдчилан мэдэгдэнэ.

   Татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдах боломжтой татвар төлөгч нар татварын тайлангаа заавал тушаах ба уг татварын тайлан нь түүнийг тухайн төрлийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах үндсэн баримт болно.

Мөн татварын тайланд эрх бүхий албан тушаалтан, татвар төлөгч хувь хүн, эсхүл түүний хууль ёсны болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, уг тайланг гаргасан буюу гаргахад оролцсон этгээд гарын үсэг зурах бөгөөд цахим хэлбэрээр татварын албанд илгээсэн татварын тайланг цахим гарын үсгээр баталгаажуулсан байх ёстой ба баталгаажуулаагүй тохиолдолд цаасан хэлбэрээр тушаана. /ТЕХ-ийн 29 дүгээр зүйлийн 29.7/

   Түүнчлэн Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/260 дугаар тушаалаар “Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам”-ыг баталсан байх бөгөөд уг журмын нэгдүгээр хавсралтаар татварын тайлангийн маягтыг баталж, хоёрдугаар хавсралтаар Татварын ерөнхий хуулийн 29, 30, 31 дүгээр зүйлд заасны дагуу анхан шатны баримт, нягтлан бодох бүртгэл, татварын хууль тогтоомжид үндэслэн үйлдсэн татварын тайланг харьяа татварын албанд тушаах, татварын алба тайлангийн үнэн зөв эсэхийг хянах, боловсруулалт хийх, хүлээн авах, тайланд залруулга хийх, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хэрхэн бүртгэх талаар нарийвчлан зохицуулсан.