ТӨЛБӨР ТӨЛӨГЧ ИРГЭН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНЫ ГАДААДАД ЗОРЧИХ ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ТУХАЙ

   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар “тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, эсхүл тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг дараах үндэслэлээр түдгэлзүүлж болно”. Үүнд:

1.         эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн;

2.         хөрөнгөө нуун дарагдуулсан;

3.         төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй.

   Төлбөр төлөгчийн гадаад зорчих эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гарсан бол төлбөр төлөгч-иргэн, төлбөр төлөгч-хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, эсхүл төлөөлөгчид түүний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай мэдэгдэнэ.

   Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг ахлах шийдвэр гүйцэтгэгчид, ахлах шийдвэр гүйцэтгэгч үндэслэлтэй гэж үзвэл ажлын 3 өдрийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хүргүүлнэ.

   Улсын ерөнхий гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн төлбөр төлөгч-иргэн, төлбөр төлөгч-хуулийн этгээдийн удирдах албан тушаалтны гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлнэ.

   Мөн улсын ерөнхий гүйцэтгэгч төлбөр төлөгч албан ажлын, эсхүл эрүүл мэндийн шалтгаанаар түр хугацаагаар гадаадад зорчих зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах шаардлагатай арга хэмжээ авсны үндсэн дээр төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түр сэргээнэ.

   Эх сурвалж: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиас