ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ОРУУЛСАН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЛААР

   Монгол Улсын Их Хурлаас “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийг 2020.01.10-ны өдөр баталсан бөгөөд уг хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020.02.13-ны өдрийн №7-д нийтлэгдэж, 2020.02.23-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байна.

   Иймээс Эрүүгийн хуульд шинээр нэмсэн зүйл, хэсэг, заалт, тайлбарын заримаас дурдвал:

- Хуулийн 1.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:

“Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш таван жил байна.”

- Хуулийн 6.6 дугаар зүйлийн тайлбар:

“Тайлбар: - Энэ хуульд заасан “ойр дотны хүн” гэж тухайн хүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, төрсөн, дагавар, үрчилж авсан хүүхэд, ач, зээ, төрсөн ах, эгч, дүү, хамт амьдарч байгаа бусад төрөл, садангийн хүнийг ойлгоно.”

- Хуулийн 12.6 дугаар зүйл. Биеэ үнэлэхийг зохион байгуулах

“1.Бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, татан оролцуулсан бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, биеэ үнэлэхийг зохион байгуулсан, биеэ үнэлэхэд нь тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлээр хангасан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

“Тайлбар: - Энэ гэмт хэргийг үйлдэхдээ арван найман насанд хүрээгүй хүний биеийг үнэлүүлсэн бол энэ хуульд заасан хүн худалдаалах гэмт хэрэгт хамаарна.”

- Хуулийн 13.14 дүгээр зүйл. Худал мэдээлэл тараах

“1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.”

- Хуулийн 18.5 дугаар зүйлийн тайлбар:

“Тайлбар: -Энэ зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж, улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсооход идэвхтэй туслалцаа үзүүлсэн, түүнийг үйлдсэн хүнийг илчилсэн, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг илрүүлсэн хүнийг ялаас чөлөөлнө. Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн барааг хяналт шалгалтын үеэр, эсхүл мөрдөн шалгах ажиллагааны үед гаргуулан авсныг сайн дураараа шилжүүлэн өгсөнд тооцохгүй.”

- Хуулийн 20.17 дугаар зүйл. Мөрийтэй тоглоом зохион байгуулах

“1.Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”

- Хуулийн 21.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

“2.Гүйцэтгэх ажил явуулах эрхгүй этгээд гүйцэтгэх ажил явуулсан, эсхүл гүйцэтгэх ажлын тусгай техник олж авсан, ашигласан, борлуулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”

- Хуулийн 22.1 дүгээр зүйлийн тайлбар:

“Тайлбар: - Энэ хуульд заасан “албан тушаалын байдал” гэдэгт эрх нөлөө хамаарна.

- Энэ хуульд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно.”

   Эх сурвалж: “Төрийн мэдээлэл” эмхэтгэл. 2020.02.13. №07 /1109/, www.legalinfo.mn