БАРИЛГЫН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭХ, ЦУГЛУУЛАХ, АНГИЛАХ, ТЭЭВЭРЛЭХ, ДАХИН БОЛОВСРУУЛАХ, СЭРГЭЭН АШИГЛАХ, УСТГАХ БУЛШЛАХ ЖУРМЫН ТУХАЙ

   Барилга, хот байгуулалтын сайдын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 48 дугаартай тушаалаар Барилгын хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, ангилах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах булшлах журмыг баталсан байна.

    Тус журмаар барилга, байгууламж, инженерийн шугам сүлжээ, явган хүний зам талбай, ногоон байгууламж шинээр барих, шинэчлэх, өргөтгөх, засварлах, буулгахад үүсэх хог хаягдал болон барилгын материалын худалдаа, үйлдвэрлэлээс гарах хог хаягдлыг цуглуулах, ангилах, цэвэрлэх, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагааг зохицуулна.

   Барилга байгууламжийн буулгалтаас үүсэх хог хаягдлын норматив хэмжээг “Барилгын төсөв зохиох дүрэм” БНбД 81-95-12*/2020/-ийн дагуу тооцно. Айл, өрхийн нийтийн болон амины орон сууцны засвараас үүссэн хог хаягдлыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/443 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Энгийн хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаанд тавигдах ерөнхий шаардлага”-ын дагуу зохицуулах ба “Барилга доторх хог хаягдлын менежмент-Ашиглалтын дүрэм” MNS BS 5906:2018 стандартыг мөрдлөг болгоно.

  Барилга байгууламжийг ашиглалтад оруулахдаа энэ журмын дагуу барилгын хог хаягдлыг мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгсөн эсэхийг харгалзан Барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын дүгнэлтэд тусгана гэж заасан байна.

    Журамд зааснаар дахин боловсруулах боломжтой барилгын хог хаягдалд:

- цаас /обой, төрөл бүрийн боодлын цаас, картон цаас, хаягдал цаас/;

- хуванцар /төрөл бүрийн гялгар уут, баглаа боодол, бүх төрлийн шингэн материалын сав, сантехникийн шугам хоолой, цахилгааны тоноглол, кабель, хаалга, цонхны хүрээ PVC/;

- хөнгөн цагаан, төмөр, металл, зэс, гууль, тэдгээрээр хийсэн бүх төрлийн материал бүтээгдэхүүн/;

- шил /бүх төрлийн шилэн сав, хийц, эдлэл, шилэн  бүтээгдэхүүн/;

- мод, модон эдлэлийн хаягдал;

- төрөл бүрийн шуудай, даавуун материалын хаягдал;

- дуу дулаан тусгаарлах материалууд, хөөсөнцрийн хаягдал;

- резин, уур, ус, чийгээс хамгаалах бүх төрлийн хуйлмал материалууд;

- өвс, мод, чулуу;

- бүх төрлийн бетон, төмөр бетон эдлэл;

- тоосго, чулуу, өнгөлгөөний хавтан, керамикийн хаягдал;

- автозамын асфальт бетон, битумын холимог, замын хайрга, шороо;

- хаягдал арматур, бүх төрлийн төмөр эдлэл;

- бүх төрлийн цахилгаан, холбооны кабелийн утас;

- бүх төрлийн сав, баглаа, боодол;

- барилгын суурь ба талбайн тэгшилгээ, цэвэрлэгээнээс гарсан хөрс шороо.

   Дахин ашиглах боломжтой барилгын хог хаягдалд:

- суурийн блок;

- бүх төрлийн ялуу;

- хучилтын хавтан, татанга, төмөр бетон дам нуруу;

- тоосго, ханын блок, угсармал барилгын ханын хавтгайлж;

- модон эдлэл, эдлэхүүн;

- бүх төрлийн сав, баглаа, боодол;

- барилгын суурь ба талбайн тэгшилгээ, цэвэрлэгээнээс гарсан хөрс шороо.

   Устгах, булшлах барилгын хог хаягдалд:

- Барилгаас гарсан дахин ашиглах, дахин боловсруулах боломжгүй хаягдал, асбест болон хортой бодис агуулсан, хортой бодисоор бохирдсон, мөнгөн ус агуулсан хаягдлууд;

- Бохирдсон буюу хортой бодис агуулсан хөрс, шороо, чулуу, нунтаг шороо, бетон, тоосго, өнгөлгөөний хавтан, керамикийн хаягдал, мод, шил, хуванцар.

   Тус журмыг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйл, Хог хаягдлын тухай хуулийн 43 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэхээр заажээ.