ШҮҮГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 19 дүгээр зарлигийн хавсралтаар "Шүүгчийг сонгон шалгаруулах журам"-ыг шинэчлэн баталсан байна.
Энэхүү журмын зорилго нь бүх шатны шүүхийн шүүгч, анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчээс шалгалт авах, үнэлэх, дүгнэлт гаргах, сонгон шалгаруулах ажиллагаатай холбоотой харилцаа зохицуулна.
Анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтыг жилд хоёроос доошгүй удаа, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шүүгч, анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн сонгон шалгаруулалтыг сул орон тоо зарлагдах бүрд зохион байгуулахаар болсон байна. .
Анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шүүгчийн шалгалтын арга, хэлбэр, үнэлэх аргачлалыг Мэргэшлийн хорооны саналыг үндэслэн Ерөнхий зөвлөл батална. Шалгалтын даалгаврын агуулга, нууцлалыг Мэргэшлийн хороо хариуцна.
Шүүгчийн сонгон шалгаруулалтын төрөл, үнэлгээ
Сонгон шалгаруулалт нь дараах төрөлтэй байна.
1. Анхан шатны шүүхийн шүүгчийн;
2. Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн;
3. Хяналтын шатны шүүхийн шүүгчийн;
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн.
Мэргэшлийн хороо дээрх сонгон шалгаруулалтын хүрээнд суурь болон тусгай шалгалтыг зохион байгуулж, шалгалт тус бүрийг 100 хүртэл оноогоор үнэлнэ. Нэр дэвшигч нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан шаардлагыг хэрхэн хангасныг шалгаж, үнэлгээ гаргана. Нэр дэвшигчийн Үндсэн хуулийн эрх зүйн мэдлэг, монгол хэлний бичгийн болон ярианы чадвар, хэрэглээний программ ашиглах чадвар, эрх зүйн баримт бичиг боловсруулах чадвар, хуульчийн ёс зүйн мэдлэгийг суурь шалгалтаар, салбар эрх зүйн хууль хэрэглэх мэдлэг, ур чадвар, салбар эрх зүйн мэдлэг /сорил/, ёс зүй, зан төлөв /намтар судлах/, мэргэшсэн байдлыг тусгай шалгалтаар үнэлж байхаар тогтсон байна.
Анхан шатны шүүхийн шүүгчийн, хяналтын шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад орж буй нэр дэвшигч суурь шалгалтад авбал зохих 100 онооны 60 ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд тусгай шалгалт өгөх эрхтэй болно. Нэр дэвшигчийн суурь болон тусгай шалгалтын оноо тус бүр 60 ба түүнээс дээш байвал Мэргэшлийн хорооны шалгалтад тэнцсэн гэж үзнэ.
Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн сонгон шалгаруулалтад орж буй нэр дэвшигчээс тусгай шалгалт авна. Нэр дэвшигчийн шалгалтын оноо 60 ба түүнээс дээш байвал Мэргэшлийн хорооны шалгалтад тэнцсэн гэж үзнэ.
Шүүгч өөр дагнасан шүүхийн шүүгчид нэр дэвших тохиолдолд энэ журмын дагуу тусгай шалгалт өгнө.
Анхан шатны шүүхийн шүүгчийн шалгалт
Суурь шалгалт:
Үндсэн хуулийн эрх зүйн мэдлэг /сорил/ 20 хүртэл оноо;
Монгол хэлний бичгийн болон ярианы чадвар 20 хүртэл оноо;
Хэрэглээний программ ашиглах чадвар 10 оноо;
Эрх зүйн баримт бичиг боловсруулах чадвар 20 хүртэл оноо;
Хуульчийн ёс зүйн мэдлэг /сорил/ 30 хүртэл оноогоор тус тус үнэлнэ.
Тусгай шалгалт:
Салбар эрх зүйн хууль хэрэглэх мэдлэг, ур чадвар 40 хүртэл оноо;
Салбар эрх зүйн мэдлэг /сорил/ 20 хүртэл оноо;
Ёс зүй, зан төлөв /намтар судлах/ 30 хүртэл оноо;
Мэргэшсэн байдал /нэр дэвшиж буй дагнасан шүүхийн салбар эрх зүйн чиглэлээр хамгаалсан боловсролын зэрэг, эрдмийн бүтээл зэргийг харгалзах/ 10 оноогоор тус тус үнэлнэ.
Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн шалгалт
Тусгай шалгалт:
Хууль хэрэглэх мэдлэг, ур чадварыг 40 хүртэл оноо;
Шүүн таслах ажлын туршлага 30 хүртэл оноо;
Магадлал бичих ур чадвар 30 хүртэл оноогоор тус тус үнэлнэ.
Хяналтын шатны шүүхийн шүүгчийн шалгалт
Суурь шалгалт:
Үндсэн хуулийн эрх зүйн мэдлэг /сорил/ 20 хүртэл оноо;
Эрх зүйн баримт бичгийн төсөл боловсруулах чадвар 20 хүртэл оноо;
Монгол хэлний бичгийн болон ярианы чадвар 10 хүртэл оноо;
Хэрэглээний программ ашиглах чадвар 10 хүртэл оноо;
Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх ур чадвар 20 хүртэл оноо;
Хуульчийн ёс зүйн мэдлэг /сорил/ 20 хүртэл оноогоор тус тус үнэлнэ.
Тусгай шалгалт:
Салбар эрх зүйн мэдлэг /сорил/ 15 хүртэл оноо;
Салбар эрх зүйн хууль хэрэглэх мэдлэг, ур чадвар 25 хүртэл оноо;
Хууль тайлбарлах ур чадвар 20 хүртэл оноо;
Ёс зүй, зан төлөв /намтар судлах/ 30 хүртэл оноо;
Мэргэшсэн байдал /нэр дэвшиж буй дагнасан шүүхийн салбар эрх зүйн чиглэлээр хамгаалсан боловсролын зэрэг, эрдмийн бүтээл зэргийг харгалзах/ 10 оноогоор тус тус үнэлнэ.
Ерөнхий шүүгчийн шалгалт
Тусгай шалгалт:
Манлайлал /ёс зүй, зан төлөв/ 30 хүртэл оноо;
Хууль хэрэглэх мэдлэг, ур чадвар 40 хүртэл оноо;
Шүүн таслах ажиллагааны туршлагыг 30 хүртэл оноогоор тус тус үнэлнэ.
Шүүгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах
Анхан шатны шүүхийн шүүгчийн шалгалтыг бүртгэх хугацаанаас 45, сул орон тооны сонгон шалгаруулалтыг 14-өөс доошгүй хоногийн өмнө зарлана.
Ажлын алба шалгалт эхлэхээс 7-оос доошгүй хоногийн өмнө шалгалтын хуваарийг Ерөнхий зөвлөлийн цахим хуудаст байршуулна. Шалгалт явуулах газар, огноо, эхлэх цагийг хуваарьт тусгасан байна.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, худал мэдүүлсэн нь илэрсэн тохиолдолд нэр дэвшигчийг бүртгэлээс хасаж, бүртгэлийг хүчингүйд тооцох эсэхийг Ерөнхий зөвлөл шийдвэрлэнэ.
Дүгнэлт гаргах
Мэргэшлийн хороо нь сонгон шалгаруулалтад тэнцсэн шүүгчид нэр дэвшигчдийн нэгдсэн үнэлгээг сонгон шалгаруулалт дууссанаас хойш ажлын 3 өдрийн дотор Ерөнхий зөвлөлд хүргүүлнэ.
Хуульчдын холбоо нэр дэвшигчдийн нэрийн жагсаалт хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан дүгнэлтийг гарган Ерөнхий зөвлөлд хүргүүлнэ.
Дүгнэлт ирсний дараа шүүгчийн албан тушаалын сул орон тоонд нэр дэвшигч Ерөнхий зөвлөлийн ярилцлагад тухай бүр оролцоно.
Ерөнхий зөвлөл сул орон тоонд нэр дэвшигчтэй ярилцлага зохион байгуулж, дүгнэлт гаргана.
Гомдол гаргах, шийдвэрлэх журам
Сонгон шалгаруулалттай холбоотой гомдлыг дор дурдсан хугацааны дотор Мэргэшлийн хороонд бичгээр гаргана:
1. шалгалтын төрөл тус бүрийн үнэлгээтэй холбоотой гомдлыг нэр дэвшигчид танилцуулснаас хойш ажлын 1 өдрийн дотор;
2. суурь шалгалтын болон нэгдсэн үнэлгээтэй холбоотой гомдлыг нийтэд албан ёсоор мэдээлснээс хойш ажлын 3 өдрийн дотор.
Өргөн мэдүүлэх санал хураалт
Шүүгчийн албан тушаалын сул орон тоонд нэр дэвшигч тус бүрийг Ерөнхий зөвлөл хуралдаанаараа хэлэлцэж, олонхын саналаар сонгон шалгаруулна.
Эх сурвалж: https://www.legalinfo.mn/law/details/15225?lawid=15225