COVID-19 ВИРУСИЙН АЖЛЫН БАЙРНЫ НӨЛӨӨЛЛИЙН СУДАЛГААНЫ ТАЙЛАН

Covid-19 вирусийн халдвар, тархалтаас сэргийлэх арга хэмжээний ажлын байранд үзүүлж байгаа үр нөлөө ба шаардагдаж буй дэмжлэгийг тодорхойлох зорилгоор 2020 оны 3 сарын 20-23 өдрүүдэд МҮХАҮТ-ын гишүүн болон гишүүн бус 1504 аж ахуйн нэгжийг хамруулан судалгаа явуулсан байна. 

Судалгаанд оролцсон ААН-үүдийг салбараар харвал 19% нь худалдаа, 15% нь үйлчилгээ, 13% нь аялал жуулчлал, 9% нь хүнсний үйлдвэрлэл, 6% нь хөнгөн үйлдвэрлэл ба 40% нь бичил, 39% нь жижиг дунд, 21% нь орлоготой том аж ахуй нэгж бөгөөд 51% нь 10 жилээс дээш үйл ажиллагаа явуулсан байна.

Судалгаанд оролцсон нийт ААН-үүдийн 67.4 хувьд нь Covid-19 вирусийн халдвар, тархалтаас сэргийлэх арга хэмжээ маш их, 22.8 хувьд нь дунд зэрэг нөлөөлсөн байна. Салбараар авч үзвэл, аялал жуулчлалын салбарын 90 хувь, зочид буудал, нийтийн хоолны салбарын 83 хувьд маш их нөлөөлсөн бол энэ үзүүлэлт хөдөө аж ахуйн салбарт 40 хувь, мэдээллийн технологийн салбарт 33 хувь байна.

Үүссэн нөхцөл байдалд ААН-үүдийн 56 хувь нь ажлын цагийн зохицуулалт хийсэн, 33 хувь нь ажиллагсдаа түр болон бүр чөлөөлсөн байна.

Судалгаанд оролцсон ААН-үүдийн 65 хувь нь өндөржүүлсэн бэлэн байдлын шийдвэрээс шалтгаалж, 41 хувь нь үйлдвэрлэл үйлчилгээ буурсантай холбоотойгоор ажлын цаг, ажиллах хэлбэрт тодорхой өөрчлөлт оруулсан байна. Эдгээрийн 46 хувь нь богиносгосон цагт шилжүүлсэн, 35 хувь нь зайнаас ажиллуулсан, 16 хувь нь ямар нэг өөрчлөлт оруулаагүй байна. Цалин хөлсний хувьд 63 хувь нь өөрчлөлт оруулаагүй, 36 хувь нь бууруулсан гэжээ.

Ажлын байрыг хадгалахад тулгарч байгаа асуудалд 65 хувь нь орлого буурсан, 42 хувь нь үйл ажиллагаа зогссон, 30 хувь нь зардлаа бууруулах шаардлагатай болсон гэж хариулсан байна.

Эх сурвалж: https://www.mongolchamber.mn/a/329