ӨДӨР ӨНЖҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020.03.27-ны А/152 дугаар тушаалаар “Өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэхэд тавих нийтлэг шаардлага”-ыг баталсан байна. Сургууль болон сургуулиас гадуурх сургалтын ажил эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэхэд энэхүү нийтлэг шаардлагыг мөрдлөг болгоно. “Өдөр өнжүүлэх үйлчилгээ” гэж эцэг, эх, асран хамгаалагчийн хүсэлтийн дагуу сургалтын байгууллага иргэнтэй харилцан тохиролцож үйлдсэн гэрээний үндсэн дээр эрүүл, аюулгүй орчинд хүүхдийг асрах, хамгаалах, хөгжлийг дэмжих сургалтаас гадуур үзүүлэх үйлчилгээг заасныг ойлгоно.
Өдөр өнжүүлэх үйлчилгээнд Боловсролын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 03 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Хүүхэд хамгааллын жишиг бодлого” болон бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартыг мөрдлөг болгон ажиллах бөгөөд тус үйлчилгээг аливаа шашин, улс төрийн үйл ажиллагаанаас ангид зохион байгуулахаар тусгасан байна.
Ерөнхий шаардлага
1. Өдөр өнжүүлэх үйлчилгээ явагдаж буй байршлыг тодорхой зааж, төрийн албан ёсны хэлээр бичсэн хаягийг барилга, байгууламжийн гадна талд байршуулсан байна.
2. Шинээр өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэх иргэн, хуулийн этгээд энэхүү нийтлэг шаардлагыг хангаж байгаа эсэхэд аймаг, дүүргийн Засаг даргын байгуулсан боловсрол, мэргэжлийн хяналт, онцгой байдал, хүүхдийн асуудал эрхэлсэн байгууллагын төлөөлөл бүхий ажлын хэсэг урьдчилсан хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргана.
3. Ажлын хэсгийн дүгнэлтийг аймаг, нийслэлийн дүүргийн Хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөлөөр хэлэлцэн өдөр өнжүүлэх үйлчилгээ зохион байгуулахыг дэмжих эсэх талаар шийдвэр гаргана.
4. Өдөр өнжүүлэх үйлчилгээ зохион байгуулах иргэн, байгууллага үйлчилгээ явуулах харьяалах нутаг дэвсгэрийн ерөнхий боловсролын сургуульд хандаж хамтран ажиллах санамж бичиг байгуулна.
5. Өдөр өнжүүлэх үйлчилгээнд хичээлийн бус цагаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг эцэг эх, асран хамгаалагчийн хүсэлтийн дагуу хамруулна.
6. Өдөр өнжүүлэх үйлчилгээг хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчтай харилцан тохиролцож үйлдсэн гэрээний үндсэн дээр зохион байгуулна.
7. Өдөр өнжүүлэх үйлчилгээ нь бүлгийн зохион байгуулалттай байх бөгөөд нэг бүлэгт арван тав хүртэл хүүхэд байна.
8. Өдөр өнжүүлэх бүлэг хүүхдийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн дараах үйл ажиллагааг дангаар эсвэл хэсэгчлэн зохион байгуулна.
- ном унших, уншиж ойлгох чадварыг сайжруулах
- уламжлалаа дээдэлж, монгол ёс заншлаас суралцах
- авьяас, бие бялдрын хөгжлийг дэмжих
- гэрийн даалгавар хийхэд дэмжлэг үзүүлэх
9. Бүлэг бүр багш, багшийн туслах ажилтантай байна.
10. Өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэгч нь багш, ажилтан тус бүрийн чиг үүрэг, хариуцлага, хүүхдийн аюулгүй байдлыг хангах заавар болон хүүхдийн тоглох, амрах, хичээллэх өдрийн дэглэм, цагийн хуваарийг баталж мөрдүүлнэ.
11. Хүүхдийг сургуульд хүргэх, хүлээн авах хуваарь болон хоол, хүнс, аюулгүй байдлыг хангах, хяналт тавих асуудлыг эцэг эх, асран хамгаалагчтай харилцан тохиролцож, гэрээнд тусгана.
12. Өдөр өнжүүлэх үйлчилгээний багшийн туслах ажилтан хүүхдийг хичээлд хүргэх, авахдаа анги удирдсан багшид хүлээлгэн өгч, хичээлийн дараа хүлээн авна.
13. Өдөр өнжүүлэх үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдийн бүртгэл, мэдээллийг бүлгийн багш тогтмол хөтөлж, сургуульд мэдээлнэ.
Тусгай шаардлага
А. Орчинд тавих шаардлага: Өдөр өнжүүлэх үйлчилгээ явуулах байр, өрөө тасалгаа нь дараах шаардлагыг хангасан байна.
1. Өдөр өнжүүлэх үйлчилгээний өрөө, тасалгаа нь барилга байгууламжийн 3 хүртэлх давхарт байрласан байна. Зоорины давхарт /В1 давхар/ өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэхгүй.
2. Өдөр өнжүүлэх бүлэг бүр хүүхэд амрах тоглох, хичээллэх, хооллох өрөө, ариун цэврийн өрөө, хувцас солих хэсэгтэй байна.
3. Өрөө тасалгааны нийт талбайн нэг хүүхдэд ногдох хэмжээ нь 5м2-аас багагүй байна.
4. Хүүхдийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн ном, сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом, хичээл давтах, хооллох ширээ, сандал, хувцасны өлгүүр, шүүгээтэй байна.
5. Өрөө тасалгааны тавилга хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хөдөлгөөнгүй, тогтвортой байрлуулж, хүүхэд бэртэх, гэмтэхээс урьдчилан сэргийлсэн, аюулгүй байдлыг хангасан байна.
6. Өдөр өнжүүлэх үйлчилгээний өрөө, тасалгаа бүр нь камерын бүрэн хяналтад байх бөгөөд камер нь бүрэн ажиллагаатай, бичлэгийг 1 сараас доошгүй хугацаанд хадгална.
7. Өдөр өнжүүлэх үйлчилгээг зохион байгуулах өрөө тасалгаа нь байгалийн болон зохиомол гэрэлтүүлэг, агааржуулалтын системтэй байна.
8. Өрөө, тасалгааны агаарын хэм 18-220С, агаарын хэвийн солилцоог хангах ердийн болон механик салхивчтай, харьцангуй чийгшил 40-60 хувь байна.
9. Өрөө, тасалгааны ханын дээд хэсэг, тааз нь цагаан, бусад хэсэг нь цайвар өнгөтэй байна.
10. Ариун цэврийн өрөө нь хүүхдийн нас, хүйсийн онцлогт тохирсон суултуур, гар угаагууртай байх бөгөөд байнгын бүрэн ажиллагаатай байна. Ажилтнуудад зориулсан тусдаа суултуур, ариун цэврийн өрөөтэй байна.
11. Гадна бие засах газар, хэсгийн бохир ус зайлуулах системтэй тохиолдолд “Нүхэн жорлон, угаадасны нүх. Техникийн шаардлага. MNS 5924” стандартын шаардлагыг хангасан байна.
12. Ундны усны чанар, аюулгүй байдалд хагас жилд 1 удаа мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулна.
13. Зөөврийн усан хангамжтай тохиолдолд ундны ус зөөх, хадгалах сав нь хүнсний зориулалтын, угааж цэвэрлэхэд хялбар байх ба ундны усны савыг 7 хоногт 1-2 удаа бүрэн суллаж, угааж, халдваргүйжүүлнэ.
14. Цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг шинжилгээ баталгаажилттай, батлагдсан бодисоор өдөр тутам зааврын дагуу хийнэ.
15. Цэвэрлэгээ халдваргүйжүүлэлтэд хэрэглэж буй бодисыг хүүхдийн гар хүрэхгүй газарт байрлуулна.
16. Шавж, мэрэгч устгал болон халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулж хийлгэнэ. Шавж, мэрэгч илэрсэн тохиолдолд тухай бүр устгал, халдваргүйжүүлэлтийг хийлгэнэ.
Б. Үйлчилгээнд тавих шаардлага: Өдөр өнжүүлэх үйлчилгээ явуулахад хүүхдийн хоол, хүнсний аюулгүй байдлын дараах шаардлагыг хангасан байна.
1. Өдөр өнжүүлэх үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдэд эрүүл, шим тэжээллэг халуун хоол, цайгаар үйлчилнэ.
2. Хүүхдийн хоолны цэсийг эцэг эх, асран хамгаалагчийн саналыг үндэслэн 7 хоног тутамд боловсруулж, жор, технологийн дагуу хийнэ.
3. Хүүхдийн хоол хүнсний бүтээгдэхүүн нь гарал үүслийн бичигтэй, шинжилгээ баталгаажилттай, хаяг, шошго бүрэн бүтэн, стандартын шаардлага хангасан байна.
4. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг шаардлага хангасан нөхцөлд тээвэрлэж, хадгална.
5. Нэг ээлжид бэлтгэсэн бүх төрлийн хоол, хүнснээс 150 гр-аас багагүй дээжийг авч, ариутгасан саванд хийж битүүмжлэн хаяглаж, +4 хэмд 72 цагаас доошгүй хугацаанд хадгалж, устгах ба бүртгэл хөтөлнө.
6. Хүүхдийн хоол хүнсийг бэлтгэх тусгайлсан хэсэгтэй байх ба сав суулгыг тогтмол угааж цэвэрлэн аяга, таваг, халбага сэрээг тогтмол ариутгана.
В. Хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах шаардлага: Өдөр өнжүүлэх үйлчилгээ явуулахад хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын дараах шаардлагыг хангасан байна.
1.Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд өдөр өнжүүлэх бүлгийн багш жилд нэг удаа, багшийн туслах, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний тээвэрлэлт, хадгалалт, боловсруулалт, түгээлтийн үйл ажиллагаанд оролцдог ажилтан, ажиллагсад 6 сар тутамд хамрагдана.
2. Өвчний шинж тэмдэг илэрсэн, хоолны хордлого, халдвар гарсан тохиолдолд эцэг эх, асран хамгаалагч, эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдээлж, халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг холбогдох журам, зааврын дагуу авч хэрэгжүүлнэ.
3. Хүүхдэд яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэх анхны тусламжийн хайрцаг байх ба хэрэглэсэн тухай бүр бүртгэл хөтөлдөг байна.
4. Өрөө тасалгаанд өдөрт 1-ээс доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийнэ.
5. Хүүхэд хүссэн үедээ ундны цэвэр ус уух боломжийг бүрдүүлсэн байна.
6. Бие махбодын шийтгэл, сэтгэлзүйн болон үе тэнгийн дарамт, дээрэлхэлт гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ.
7. Хүүхдийг байнгын хараа хяналттай байлгана.
8. Өдөр өнжүүлэх үйлчилгээний өрөө, тасалгаанд хүн амьдрах, гадны хүн оруулахгүй байна.
Г. Хүний нөөцөд тавих шаардлага: Өдөр өнжүүлэх үйлчилгээ явуулах хүний нөөц нь дараах шаардлагыг хангасан байна.
1. Бүлгийн багш нь багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч мэргэжилтэй байх бөгөөд тухайн өдөр өнжүүлэх үйлчилгээний үндсэн ажилтан байна.
2. Өдөр өнжүүлэх үйлчилгээний багш, ажилтан нь сэтгэцийн болон халдварт өвчин эмгэггүй, гэмт хэрэгт холбогдож байгаагүй байна.
3. Ерөнхий боловсролын сургуулийн багш өдөр өнжүүлэх бүлэгт цагаар хичээл заах тохиолдолд сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлийн зөвшөөрөлтэй байна.
4. Багшийн туслах болон ажилтнууд нь анхны тусламж үзүүлэх болон хүүхдийн эрх, хамгаалал, хөгжлийг дэмжих арга зүйн мэдлэг, хүүхэдтэй ажиллах ур чадвартай байна.
5. Хүүхдийн хоол хүнсийг боловсруулах ажилтан нь хоол үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэшсэн байна.
6. Хоёроос дээш бүлэг хичээллэж буй тохиолдолд орон тооны мэргэжлийн тогооч, бэлтгэгч /угаагч/ ажиллана.
7. Багш, ажилтан нь хүүхдийн хувийн мэдээллийг чанд хадгална.