ТҮҮХИЙ НҮҮРС ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛОХ ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 28 өдрийн 62 дугаар тоот тогтоолоор Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон билээ. Гэвч энэхүү хориглолтод Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 20, Сонгинохайрхан дүүргийн  21, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороодын нутаг дэвсгэрт хамаардаггүй байсан юм.

Харин Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 189 дүгээр тогтоолоор дээрх байршлуудад түүний нүүрс хэрэглэж болохоор байсан тогтоолын заалтыг хүчингүйд тооцсоноор Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нийт хороодод цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад бүх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг түүхий нүүрс хэрэглэхийг хориглохоор боллоо.