“РАДИО ДАВТАМЖ АШИГЛАХ ЭРХИЙН БИЧИГ ОЛГОХ, ТҮҮНИЙ ХУГАЦААГ СУНГАХ, ШИЛЖҮҮЛЭХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ” ТУХАЙ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн Газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/46 дугаар тушаал  шинэчлэн баталсан Радио давтамж ашиглах эрхийн бичиг олгох, түүний хугацааг сунгах, шилжүүлэх, хүчингүй болгох журмыг танилцуулж байна.

РАДИО ДАВТАМЖ АШИГЛАХ ЭРХИЙН БИЧИГ ОЛГОХ, ТҮҮНИЙ ХУГАЦААГ СУНГАХ, ШИЛЖҮҮЛЭХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЖУРАМ

Энэхүү журмаар аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд радио давтамж ашиглах эрхийн бичиг олгох, түүний хугацааг сунгах, шилжүүлэх, хүчингүй болгох, бүртгэх, төлбөр төлөх, хяналт тавих, хариуцлага хүлээлгэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

Харилцаа холбооны зохицуулах хороо (цаашид “Зохицуулах хороо” гэх) нь радио давтамж ашиглах эрхийн бичиг олгохдоо Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт, харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх бодлого, техник технологийн хөгжлийн хандлагатай уялдуулна.

Радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах эрхийн бичгийг 8.3 кГц-ээс 300 ГГц-ийн хооронд Зохицуулах хорооноос баталсан радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн шаардлага, норматив бичиг баримтыг үндэслэн олгоно.

Радио давтамж ашиглах эрхийн бичиг олгох

Радио давтамж ашиглах эрхийн бичиг авахаар өргөдөл гаргагч нь эрхийн бичиг шинээр авахдаа Зохицуулах хороонд өргөдөл гаргана.

Эрхийн бичиг шинээр авах болон хугацааг сунгахад бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт, ашиглалтын төрлөөс хамааруулан гаргасан өргөдлийн маягт, эрхийн бичгийн гэрчилгээний ба гэрээний загварыг Зохицуулах хорооны даргын тушаалаар батлана.

Зохицуулах хороо нь дараах зүйлийг үндэслэн эрхийн бичиг олгох эсэх шийдвэрийг гаргана. Үүнд:

1.үндэсний радио давтамжийн төлөвлөлттэй нийцэж байгаа эсэх;

2.радио давтамжийн нөөц, боломж байгаа эсэх;

3.радио төхөөрөмж нь холбогдох стандарт, техникийн шаардлагыг хангаж байгаа эсэх;

4.радио сүлжээний хамрах хүрээ нь бусад сүлжээнд харилцан нөлөөлөл үүсгэх эсэх.

Зохицуулах хороо нь эрхийн бичгийн өргөдлийг журмын дагуу үнэлж, ажлын 5 хоногт багтаан доорх шийдвэрийн аль нэгийг гаргана. Үүнд:

1.шаардлага хангахгүй дүгнэлт гарсан тохиодолд өргөдлийг албан бичгээр өргөдөл гаргагчид буцаана.

2.радио давтамж олгох боломжтой дүгнэлт гарсан тохиолдолд эрхийн бичиг олгох шийдвэрийг Зохицуулах хорооны даргын тушаалаар баталгаажуулна.

Өргөдөл гаргагч нь эрхийн бичиг олгосон тухай шийдвэр гарснаас хойш ажлын 10 хоногт багтаан радио давтамжийн төлбөр төлсөн тохиолдолд Зохицуулах хороо нь эрхийн бичгийг олгоно. Хэрэв дээрх хугацаанд багтаан төлбөр төлөөгүй бол эрхийн бичгийг хүчингүй болгоно.

Радио давтамж ашиглах эрхийн бичгийн хугацааг сунгах

1.Радио давтамж ашиглах эрхийн бичгийг өргөдөл гаргагчийн радио давтамж ашиглах хугацааны шаардлагыг үндэслэн улирал, 1 жил, 1-5 хүртэлх жилийн хугацааны сонголттойгоор олгож болно.

2.Сонирхогчийн радиогоос бусад нэгээс дээш жилээр эрхийн бичиг авсан тохиолдолд Зохицуулах хороотой гэрээ байгуулна.

3.Эрдэм шинжилгээ, шинэ төхөөрөмжийн туршилт, сонирхогчийн станц ажиллуулах, гадны төлөөлөгчдийн айлчлалын үеэр ажиллах радио холбооны станцад улирлаар ашиглах эрхийн бичиг олгох ба зөвхөн нэг удаа сунгаж болно.

4.Нэгээс олон жилээр авсан эрхийн бичгийн хугацаа сунгуулах тухай өргөдлийг эрхийн бичгийн хугацаа дуусахаас 30-аас дээш хоногийн өмнө Зохицуулах хороонд гаргана.

5.Эрхийн бичгийн хугацаа сунгуулах тухай албан бичиг, тус хорооноос батлагдсан бүрдүүлэх бичиг баримтыг үндэслэн эрхийн бичгийн сунгалтыг хийнэ.

 Радио давтамж ашиглах эрхийн бичигт өөрчлөлт оруулах, шилжүүлэх

Эрхийн бичиг эзэмшигч нь дараах тохиолдолд эрхийн бичигтээ өөрчлөлт оруулах тухай өргөдөл гаргана.Үүнд:

1.нэвтрүүлэгч болон антенны хүчин чадал, тоо ширхэг, байршил, цагийн хуваарь;

2.эрхийн бичигт заасан ашиглах радио төхөөрөмж;

3.радио давтамж, радио давтамжийн зурвас;

4.эрхийн бичиг эзэмшигчийн оноосон нэр, хаяг, утас.

Радио давтамж ашиглах эрхийн бичгийг хүчингүй болгох

Радио долгионы тухай хуулийн 18.1-д заасныг үндэслэн эрхийн бичгийг хүчингүй болгоно.

Радио давтамжийн дахин төлөвлөлттэй холбоотойгоор эрхийн бичиг эзэмшигчийн ашиглаж буй радио давтамжинд өөрчлөлт оруулах болон тус эрхийн бичгийг хугацаанаас нь өмнө хүчингүй болгох тохиолдолд Зохицуулах хороо нь үлдэх хугацааны төлбөрийг буцаан олгоно. Бусад тохиолдолд төлбөрийг буцаан олгохгүй.

Зохицуулах хороо нь эрхийн бичгийг хүчингүй болгосон тухай шийдвэрийг 3 хоногийн дотор Зохицуулах хорооны цахим хуудаст нийтэлж, эрхийн бичиг эзэмшигчид мэдэгдэнэ.

Эрхийн бичгийн хугацаа дууссан болон энэхүү журмын 3.4-т заасан хугацаанд сунгах хүсэлт гаргаагүй эрхийн бичгийг Зохицуулах хороо нь дуусгавар болсон гэж үзэж, баримт бичгийг архивт шилжүүлнэ.

Радио давтамж ашиглах эрхийн бичгийн төлбөр

Эрхийн бичгийн төлбөрийг Зохицуулах хорооноос баталсан “Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ”-г үндэслэн тогтоож, жил бүр төлнө.

Улирлаар олгох эрхийн бичгийн төлбөрийг 3 сараар тооцож төлнө.

Хэрэв энэхүү журамд заасан эрхийн бичгийн төлбөрийн хэмжээг өөрчлөх тохиолдолд энэ тухай эрхийн бичиг эзэмшигчид төлбөрийн хэмжээ, тогтоосон үндэслэл мөн мөрдөж эхлэх хугацааг мэдэгдсэн байна.

Хяналт, хариуцлага

Үндэсний радио давтамжийн төлөвлөлтийн дагуу эрхийн бичигт хуваарилсан радио давтамжийн зурвасыг зориулалтын дагуу ашиглаж буй эсэхэд Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хяналт тавина.

Эрхийн бичгээр олгогдсон нийтийн хэрэглээний радио давтамжийн ашиглалтын байдалд Зохицуулах хороо нь хяналт тавьж ажиллана.

Зохицуулах хороо нь эрхийн бичгээр олгогдсон радио давтамжийн харилцан нөлөөлөл болон бусад зөрчлийг холбогдох иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран арилгах ажлыг зохион байгуулна.

 Эх сурвалж: https://www.legalinfo.mn/annex/details/11015?lawid=15337