“ШУУДАНГИЙН ИЛГЭЭМЖИЙГ ТҮР ХАДГАЛАХ, ЗАДЛАХ, ХУРААХ БОЛОН УСТГАХ ТУХАЙ” ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА

“ШУУДАНГИЙН ИЛГЭЭМЖИЙГ ТҮР ХАДГАЛАХ, ЗАДЛАХ, ХУРААХ БОЛОН УСТГАХ ТУХАЙ” ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/56 дугаар тушаал Шуудангийн илгээмжийг түр хадгалах, задлах, хураах болон устгах журмыг танилцуулж байна.

Энэхүү журмаар хаяггүй, хаяг дутуу бичигдсэнээс хаягийг тодорхойлох боломжгүй, хаягт заасан этгээдийг тогтоож, зохих эзэнд нь хүргэж гардуулах боломжгүй шуудангийн илгээмжийг түр хадгалах, задлах, хураах болон устгахад үүсэх харилцааг зохицуулна.

Илгээмжийг түр хадгалах, задлах, хураах болон устгахад “Шуудангийн тухай” хууль, “Шуудангийн үйлчилгээ үзүүлэхэд мөрдөх дүрэм”, холбогдох стандарт болон энэ журмыг баримтална.

Энэхүү журмыг Монгол Улсын шуудангаар үйлчлэгч байгууллага, түүний салбар, төлөөлөгчийн газар дагаж мөрдөнө. Улс хоорондын шуудангийн илгээмжтэй холбогдох харилцааг Монгол Улсын олон улсын гэрээ болон үйлчлэгч хоорондын гэрээгээр зохицуулна.

 Илгээмжийг түр хадгалах

Шуудангаар үйлчлэгч нь хаягт эзнийг олох боломжгүй буюу гардуулаагүй илгээмжийг буцах хаягаар нь буцаах, буцах хаяггүй бол “хадгалах газарт” магадалгааны хамт шилжүүлнэ.

Хаягт эзэн нь хүрэлцэн ирээгүй, олдоогүй шалтгаанаар гардуулж чадаагүй болон өөрөө хүлээн авах хаягаар ирсэн шуудангийн илгээмжийг шуудангаар үйлчлэгч нэг сар хүртэл хугацаагаар хадгална.

Илгээмжийн очих, буцах хаягийн аль аль нь тодорхой бус буюу бичигдээгүй илгээмжийг илгээгчээс анх хүлээн авсан шуудангаар үйлчлэгч байгууллагын салбар, төлөөлөгчийн газар 7 хоногоос илүүгүй хугацаагаар хадгална.

Шуудангаар үйлчлэгч нь энэхүү журмын 2.2, 2.3-д заасан хадгалах хугацаа дууссан тохиолдолд илгээмжийг төв салбартаа шилжүүлнэ.

Илгээмжийг гардуулах бүх боломжит арга хэмжээг авсан, түүнийг гардуулаагүй шалтгааныг нарийвчлан судалсны дараа тодорхой тайлбартайгаар эзэндээ олгогдоогүй шуудангийн илгээмжид шилжүүлнэ.

Хаяг тодорхойгүй болон илгээгч эзэнд нь буцааж олгоогүй илгээмжийг шууданд анх хүлээн авсан өдрөөс хойш 3 сарын хугацаанд хадгална. Энэ хугацаанд хаягт эзнийг хайх, хаягийг дахин тодруулахад болон төв салбарт шилжүүлэн хадгалсан хугацаа хамаарна.

Хүлээн авагч шуудангийн байгууллагаас хаягт эзэнд нь гардуулж чадаагүй шуудангийн илгээмжийг дараах тохиолдолд шуудангийн илгээмж дээр бичсэн буцах хаягаар буцаана. Үүнд:

1.Шуудангийн байгууллагад хадгалах хугацаа дууссан;

2.Илгээгчээс буцааж авахаар өргөдөл, хүсэлт гаргасан.

Шуудангаар үйлчлэгчийн удирдах албан тушаалтан буюу гүйцэтгэх удирдлага нь эзэндээ олгогдоогүй илгээмжийг хаягт эзэнд нь гардуулаагүй буюу илгээгчид нь буцаагаагүй тухай шалтгааны тодорхойлолт, лавлагаа нь тодорхой бус, лавлагааг хянан шалгах эрх үүрэг бүхий ажилтан гарын үсэг зураагүй бол тэдгээрийг дахин шалгуулах тухай шийдвэрийг гаргана.

Илгээмжийг задлах

Шуудангаар үйлчлэгчийн холбогдох ажилтан нь энэхүү журмын 2.7-д заасан хугацаа дууссан илгээмжийн жагсаалтыг сар бүрийн 25-ны дотор маягтын дагуу гаргаж, гүйцэтгэх удирдлагад танилцуулна.

Гүйцэтгэх удирдлага Шуудангийн тухай хуулийн 23.2-д заасан ажиллагааг гүйцэтгэх болон хадгалах хугацаа дуустал, хаягт эзэнд нь гардуулж чадаагүй ба илгээгчид нь буцаагаагүй илгээмжийг задлах ба устгах эрх бүхий комиссыг 3-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэйгээр томилно.

Комисс илгээмжийг задалсан үйл явцын талаар шуудангийн үйлчилгээний стандартад заасны дагуу тэмдэглэл үйлдэнэ.

Илгээмжийг хураах

Илгээмжийг хураах тухай асуудлыг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу шийдвэрлэнэ.

Комисс нь илгээмжийг задлахад гарсан, тусгай зориулалтын бус, тодорхой байгууллага, хүмүүст холбогдолгүй, хэрэгцээ хангахуйц хөрөнгө, эд зүйл, хэрэгслийг үйлчлэгчийн мэдэлд шилжүүлэн ашиглуулах тухай шийдвэр гаргаж, тэмдэглэл үйлдэнэ.

Илгээмжийг устгах

Илгээмжийг задлахад гарсан, тусгай зориулалтын бус, тодорхой байгууллага, хүмүүст холбогдолгүй ямар нэгэн хэрэгцээ, шаардлага хангахгүй зүйлсийг устгаж, устгалын акт үйлдэн комиссын дарга, гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.

Устгал хийх явцад комисс бүрэн бүрэлдэхүүнээрээ байлцах бөгөөд устгалыг хийсэн газар, арга, устгал бүрэн хийгдсэн талаар тэмдэглэл үйлдэнэ.

Уг тэмдэглэлд устгасан хөрөнгө, эд зүйл, хэрэгслийн нэр төрөл, хэмжих нэгж, тоо хэмжээ, мөнгөн дүн болон устгах комиссын бүрэлдэхүүн (овог, нэр, регистрийн дугаар, эрхэлдэг ажил, гэрийн хаяг, утасны дугаар), хэзээ, хаана, устгах үйл явцын мэдээллийг тусгаж, байлцсан хүмүүс гарын үсэг зурна.

Үйлчлэгч нь энэхүү журмаар зохицуулагдах илгээмж болон түүнийг задлахад гарсан зүйлсийг бүртгэх тэмдэглэлийн маягтуудыг баталж мөрдүүлнэ.

Шуудангаар үйлчлэгч болон шуудангийн ажилтан нь хаяг тодорхойгүй илгээмж, эзэндээ олгогдоогүй илгээмж, түүнийг задлахад гарсан зүйлсийг комиссын шийдвэргүйгээр албаны болон хувийн зориулалтаар ашиглахыг хориглоно.

Энэхүү журмын хэрэгжилтэд харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хяналт тавина.

Энэхүү журмыг зөрчсөн албан тушаалтанд холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Эх сурвалж: https://www.legalinfo.mn/annex/details/11027?lawid=15348