ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖИЛД НӨЛӨӨЛӨХ НЬ
Байгууллагын хөгжилд нөлөөлөх олон хүчин зүйлс байдгийн нэг нь хувь хүний хөгжил юм. Байгууллага бий болох, оршин тогтнохын үндэс нь байгууллагын гишүүдээс гарч байгаа оюуны болоод биеийн хүчний чадавх, ур чадвараар бүтээгдэж байгаа бүтээгдэхүүн ажил үйлчилгээ юм. Хөгжил нь шинэ хариуцлага, ахиц дэвшлийн төлөө хүмүүсийн мэдлэг, ур чадварыг сайжруулах, төгс төгөлдөр болгох, үр ашиг, үр дүнг нь дээшлүүлэх үйл ажиллагаа, үйл явц юм. Нөгөө талаас нь эрдэмтэд хөгжил гэдэг бол хувь хүнээс эхлэлтэй гэж үздэг. Хувь хүн хөгжиж байж баг бүлэг хөгжих, баг бүлэг хөгжиж байж байгууллага хамт олон хөгжих, байгууллага хамт олон хөгжиж байж нийгэм хөгжих, нийгэм хөгжиж байж улс эх орон хөгжих хамаарал байгаа юм. Байгууллага нь өөр хоорондоо харилцан хамаарал бүхий дэд хэсгүүдээс бүрдэж, орчин нөхцөл байдалтайгаа нарийн нягт нийцэн ажилладаг нээлттэй систем юм. Тэр ч утгаараа хүмүүс нь байгууллагад дараах дөрвөн түвшинд ажилладаг. Энэ нь:
Түвшин 1: Хүний удирдлага доор ажил үүргээ гардан гүйцэтгэдэг хүмүүс
Түвшин 2: Баг, бүлгийн ахлагч нар
Түвшин 3: Хэлтэс, тасгийн дарга нар
Түвшин 4: Байгууллагын дээд түвшний удирдлагын хүмүүс
Байгууллагын хөгжил нь байгууллагын удирдлагын удирдах чадвар, мэдлэг, мэдрэмж, мөн байгууллагын гишүүн бүрийн хөгжлөөс шалтгаалдаг. Удирдагч нар нь өөрчлөлт шинэчлэл, хэрэгцээ шаардлагыг мэдэрч алс хэтээ харж, тодорхойлж чадсаны үндсэн дээр нөөцөө зөв хуваарилан, зохион байгуулж, манлайлан удирдаж,
хүрсэн үр дүн, үйл ажиллагаагаа тогтоон барьж чадах чадвартай байснаар сая хөгжинө. Мөн хувь хүний сэтгэл ханамж, тэдний хийж бүтээж байгаа чадвар байгууллагын хөгжилд ихээхэн хамааралтай. Байгууллагын аль ч түвшинд ажиллаж байгаа хүмүүст байх ѐстой, байлгаж хөгжүүлж байх цөм ур чадварыг дараах байдлаар тоймлон авч үздэг. Үүнд:
Байгууллагаа гэх сэтгэлгээ
Системчлэх сэтгэлгээ
Бүтээлч сэтгэлгээ
Уян хатан/өөрчлөгдөмтгий байдал
Хэрэглэгчдийг гэх сэтгэлгээ
Үр дүнтэй ажиллах зуршил
Хувь хүний боловсрол болон ажилдаа хандах эв дүй зэрэг болно.
Байгууллагын хөгжил угтаа шинжлэх ухаан, урлаг бөгөөд хувь хүний авьяас ур чадварын нийлбэрийг өөртөө агуулж, хөгжлийн бүхий л түвшинд хамт олныг бүтэц,
зохион байгуулалтын албан харилцаанд оруулж, ажлын байрнаас авах таашаал ханамжийг дээшлүүлэх замаар шийдвэрлэгдэх зүйл болдог. Байгууллагын хүний нөөцийн удирдлагын хувьд тухайн хүн аль түвшинд ямар ажил эрхлэх гэж байгааг үл харгалзан ажлын байрны хэрэгцээ шаардлагыг тодорхойлон түүнд тохирох хүнээ зөв таньж, зөв ажлын байранд нь тавьж ажиллуулах, мөн шинэчлэгдэн байгаа хөгжлийн зорилго зорилтуудтай нийцүүлэн хүнээ хөгжүүлж байх нь амжилтын үндэс гэж үздэг. Иймд уг хүнээс эхлээд харах ур чадвар бол хувь хүнийхээ хувьд хэр боловсорсон бэ? гэдэг нь чухал. Хувь хүний боловсорсон байдлыг харахдаа “хэр зэрэг хүн” болсон, ямар мэргэжил эзэмшсэн, ямар чиглэлээр нарийн мэргэшсэн болоод хэзээ хэдэн удаа дахин мэргэшсэн, ямар ажил үүрэг гүйцэтгэж, юунд илүү чадваржсан болохыг таних хэрэгтэй болдог.
Хүн боловсрохын хэрээр ажилдаа хандах, ажил үүргээ гүйцэтгэх эв дүй нь улам төгс төгөлдөр болж байдаг. Хувь хүний ажил гүйцэтгэх эв дүй нь ажилд хандах хандлагаас эхлэн ажил үүргийг гүйцэтгэх чадварын түвшингээр тодорхойлогдох
боловч өгөгдсөн даалгаврын үр дүнг харж түүнийг гүйцэтгэх ур чадвар, биеэ дайчлах сэтгэлгээ зэргээс харагдана. Нөгөө талаасаа тухайн хүнийг ажил гүйцэтгэх эв дүйтэй болгох гэдэг нь байгууллагын хүний нөөцийн удирдлагын хувьд тасралтгүй гүйцэтгэх үйл явц гэж үзэж болно.
Хувь хүнд байх дараагийн ур чадвар бол үр дүнтэй ажиллах зуршилтай болсон байх явдал. Зорилготой үр бүтээлтэй амьдрахын тулд xүн ямар зан чанарыг xэвшил болгоx хэрэгтэйг Dr.S.Covey -гийн бичсэн “ҮР ДҮНД ХҮРГЭХ 7 ЗУРШИЛ” гэдэг номонд тодорхой харуулсан байдаг. Хүмүүс хоорондоо тодорхой харьцах, бусдыгаа идэвхтэй сонсох, хэрэглэгчийнхээ хэрэгцээг мэдэрч ажиллах, баг бүлгээр үр дүнтэй ажиллах, бие биенээ хайрлан халамжилж өөрсдийгөө хөгжүүлэх зан чанар бол ерөнхийдөө хүмүүсийн дадал зуршлыг илэрхийлж байдаг. Дадал зуршил нь тухайн хүний мэдлэг, ур чадвар, xүслээс бүрдэнэ. Мэдлэг нь юу xийxийг, ур чадвар нь яаж xийxийг, xүсэл нь xүссэн зүйлээ ажил xэрэг болгох тэмүүллийг бий болгох бөгөөд бүхэлдээ тухайн хүний ажилдаа хандах хандлага, дадал зуршил болж харагдана.
Ажил хийж байхдаа дээрх зуршлыг мөрдлөг болгон дагахын сацуу, шинээр гарч
ирэх сорилт бүрийг бие сэтгэл, оюун ухаан, санаа бодлоороо даван туулж амжилттай амьдарч чадвал хүн өөрийгөө xэрхэн xурцалж, боловсруулж чадаж байгаагаас зуршил болон төлөвших болно. Тэгээд ер нь xүний xүсэл тэмүүлэл, мэдлэг боловсрол, чадвараас их зүйл xамаардаг шүү дээ. Байгууллагын удирдлага, ажилтан, ажиллагсад өөрийн үйл ажиллагааны үр дүнг хүртэх хэрэглэгчдийг гэх сэтгэлгээтэй байхыг бас нэгэн ур чадвар болгон хөгжүүлэх хэрэгтэй гэж үздэг. Үүний тулд хэрэглэгчийн хэрэгцээг бүрэн ойлгож түүнийг хангах, хэрэглэгчийн зүгээс ажил үйлчилгээнд өгч байгаа үнэлгээг шинжилж түүнд үндэслэн ажлын гүйцэтгэлийг сайжруулах төлөвлөгөөг боловсруулж ажиллах хэрэгтэй болно.
Байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийг уян хатан/өөрчлөгдөмтгий байх чадварт суралцах хэрэгтэй гэж үздэг. Хөшүүн хойрго байх нь хүсэх зүйл бишээ. Хүмүүсийг уян хатан байх нь дээр гэдэг ч зарим тохиолдолд уян хатан байх зайлшгүй шаардлага гардаг. Жишээлбэл: өндөр шалгууртай шинэ даалгавар гүйцэтгэх, тухайн
ажил үүргийг гүйцэтгэхэд онцгой нөхцөл шаардсан хатуу болзол шалгууртай, эсвэл
зөвхөн үр дүнг чухалчилсан тохиолдолд зайлшгүй уян хатан ажиллах ур чадвар хэрэгтэй болдог. Байгууллагын гишүүдийн дараагийн нэг ур чадвар бол бүтээлч сэтгэлгээтэй байх явдал юм. Бүтээлч сэтгэлгээ гэдэг уг нь вертикаль, латераль мэт сэтгэлгээний бие даасан хэлбэр биш, сэтгэлгээний ерөнхий чанар, гэхдээ нилээд далд, гүнд нь байдаг бөгөөд тэр бүр илэрч гардаггүй онцлогтой. Хүн бол бүтээхийн төлөө төрсөн байдаг. Бүтээлч сэтгэлгээ нь хүний амьдралыг жинхэнэ ѐсоор нь амьд болгож, бие дааж сэтгэж, амжилтанд хүргэх үндсэн ур чадвар юм. Байгууллага хөгжих нь хувь хүний бүтээлч сэтгэлгээнээс ихээхэн хамааралтай байх нь маргаангүй. Хүмүүсээ бүтээлч сэтгэлгээтэй байлгахын тулд удирдлагын ур ухаан нь хүмүүсээ сэтгэх, хөгжлийн тухай ярилцах, шинэ санал санаачилгыг өрнүүлэх, түүнийг ажил хэрэг болгох бололцоогоор дэмжиж ажиллахад чиглэх ѐстой. Системчлэх сэтгэлгээний тухай ярихын өмнө систем гэдэг ойлголт юу болох тухай товчхон өгүүлье. Систем гэдгийг ямар нэг аргаар нэг бүхэл болж оршин тогтнохын тулд өөр хоорондоо холбогдсон хэсэг зүйлс гэж тодорхойлж болох юм. Байгууллага өөрөө нэг том систем гэж үзэхэд дотор нь маш олон дэд системүүд ажиллаж байх болно. Эдгээр олон төрлийн хэмжээстэй системүүд байнгын хөдөлгөөнд оршиж системүүдийн хооронд болон системүүдийн дотор хэлхээ холбоо тогтож, хөдөлгөөнтэй төлөвт оршдог юм.
Нэг систем нөгөө системдээ нөлөөлдөг учраас системчлэх сэтгэлгээгээр хандах шаардлага байгууллагад байнга гардаг. Системчлэх сэтгэлгээ нь орон зай, цаг хугацаа, үйл ажиллагааны оршин буй холбоо хамаарлыг ойлгох, бүхэлд нь харах боломж олгодог. Ялангуяа олон хэмжээст үйл явдлууд болон хандлагууд, нарийн төвөгтэй холбоо хамаарлыг төсөөлөхөд системийн хандлага маш чухал. Системчлэх сэтгэлгээ нь сэтгэлгээний олон аргуудыг орлохгүй ч томоохон өөрчлөлтүүдийг агуулсан нийлмэл төвөгтэй нөхцөл байдлыг ойлгох, ноү хау-г мэдэх, үйл ажиллагааг үр дүнтэй том зураг дээр буулгаж харах, бүгд түүнд төвлөрөн ажиллах чухал арга зам юм. Түүнчлэн нарийн төвөгтэй, ихээхэн бүрхэг нөхцөл байдлыг ойлгоход тусалсанаараа өргөн өнцгөөр харж, цэгцтэй сэтгэх арга барилаар хандах бололцоог бий болгодог юм. Эдгээр ур чадвар хувь хүнд төлөвшсөн байх, цаашид хүнээ хөгжүүлэн авч явах нь хөдөлмөрийн харилцаагаар зохицуулагдсан байдаг. Өөрөөр хэлбэл хүнийг ажилд авсан бол халаа солио тийм амар хийгдэхгүй хамгаалагдсан асуудал болдог. Сайн техник технологи, хөрөнгө мөнгө байгаад хүн нь байхгүй бол эд бүгд үнэ цэнэгүй зүйл болдог бөгөөд харин хөрөнгө мөнгө, техник технологи байхгүй ч хүн нь байвал тэд хэрэгтэй байгаа нөөцөө бий болгож чадах талтай. Энэ бүгдээс харахад хүн хүчээ байгууллагын эрхэм зорилго, хэтийн зорилгын дор нэгтгэн хөгжүүлж, байгууллагаа гэх сэтгэлгээтэй болгож ажиллах нь хамгийн чухал болох нь харагдаж байна. Тухайн байгууллагын нэг эд эс болтол нь тухайн хүнийг чадваржуулж авч явах нь хувь хүнийг хөгжүүлэх төлөвлөгөөнөөс эхлэнэ. Хувь хүн нь хөгжлийн төлөвлөгөөгөө хэрхэн боловсруулж, түүнийгээ яаж мөрдөн ажиллаж чадаж байна вэ? гэдгээс байгууллагын хөгжил ихээхэн шалтгаална. Хүн ажил хөдөлмөртөө амжилт олсноор амьдрал нь өөдөлж эхлэхэд үүнийг дагаад өнгөжин өөдлөх олон зүйл байдаг. Хувь хүн өөрийгөө хөгжүүлэхийн тулд “5 од”-той болох төлөвлөгөө боловсруулан ажиллахад орчин цагтай хөл нийлүүлэн алхах боломжтой болно. Таван одтой зочид буудал гэхэд хүмүүст ямар шаардлагыг хангасан зочид
буудал байна вэ? гэдэг талаар төсөөлөл бий болсон байдаг шиг хувь хүний хөгжлийн таван од төлөвлөгөө гэхэд л дараах зүйлсийг хангасан төлөвлөгөө гэдэг нь ойлгогдож байх ѐстой. Үүнд: Од болохын тулд ахиж дэвших зорилгоо хэрэгжүүлэх, ур чадвараа улам төгөлдөржүүлэх, өөртөө үнэн зөв үнэлгээ хийж тэндээс суралцаж, сул талаа сайжруулж байх, хөгжлийн үйл явц дунд хөл нийлүүлэн алхалж, техник технологийн жолоодлогод үндэслэн ажлыг цаг хугацаанд нь бүтээмж өндөртэй хийж гүйцэтгэх төлөвлөгөөтэй ажиллана. Энэ нь:
“Нэг дэх од” - ажил мэргэшилдээ ахиж дэвших зорилго дэвшүүлж, түүнд хүрэх
төлөвлөгөөгөө боловсруулан ажиллах
“Хоёрдахь од” - ур чадвараа улам төгс төгөлдөр болгох, аливаа ажилд гаршсан
амжилт үзүүлж сурах
“Гурав дахь од” - хаана байгаа, ямар болохыг хүсч байгаа хоѐрын хооронд ямар
зөрүү байгаагаа үнэлэх хэрэгтэй болно. Үнэлгээг хийхдээ дараах аргуудыг эзэмших
хэрэгтэй.
360 градусын үнэлгээний арга
Гаднаас үнэлгээ хийлгэх
Дотоодоос үнэлгээ хийх
Өөрийн үнэлгээ хийх
“Дөрөв дэх од” - хөгжлийн үйл явцад орох
“Тав дахь од” - цаг хугацаа зорилгынхоо төлөө замнах, хариуцлага хүлээж хариуцлагаа дааж ажиллан, ямар түвшинд байгаагаа шалгаж байх явдал чухал болно.
Ажилсаг, мөн чадварлаг хүн л амжилтанд хүрч, бэрхшээл хүндрэлийг сөрөн давж,
билэг авьяасаа уудлан, бие сэтгэлээ зориулан хөдөлмөрлөж өөрийгөө болоод байгууллага, улс орноо хөгжүүлэх их үйлс нь уулын оргил өөд бэл хормойгоос нь
эхлэн мацах мэт хөдөлмөр болдог.
Удирдлагын Академийн ахлах багш, доктор /Ph.D/, дэд профессор Р.Бадралмаа
Эх сурвалж: http://hudulmur-halamj.gov.mn/uploads/files/human.pdf