ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

     Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гүйцэтгэх ажлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Галт зэвсгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрдэнэсийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиуд болон Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолыг Улсын Их Хурлын чуулганы 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.

    Төрийн тусгай хамгаалалтын газар /цаашид “ТТХГ” гэх/ нь Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын тохируулагч агентлаг болж, зохион байгуулалтын бүтцийг Засгийн газар тогтоох бөгөөд бүтэц, орон тоо, төсөв нь төрийн нууцад хамаарна. ТТХГ-ын төсвийг Улсын Их Хурлын Тусгай хяналтын дэд хорооноос хянаж, санал болгосноор Улсын Их Хурал батална.

    Төрийн тусгай хамгаалалтын газрын даргаар Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна төрийн тусгай албанд 16-аас доошгүй жил, үүнээс төрийн тусгай хамгаалалтын албанд 5-аас доошгүй жил ажилласан, удирдах болон мэргэжлийн ажлын дадлага туршлагатай Монгол Улсын иргэнийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдтэй зөвшилцөн Ерөнхий сайдын санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлөх бөгөөд ТТХГ-ын удирдах албан тушаалтанд цэргийн дээд цол олгож болно.

    Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн нийгмийн баталгаатай холбоотой зарим асуудал нь Тагнуулын байгууллагын тухай хуулийн 22, 23, 25, 26 дугаар зүйлийн холбогдох заалтаар зохицуулагддаг байсныг Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиар зохицуулдаг болсон.

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан албан тушаалтны бүрэн эрхийн хугацаа дууссанаас хойш нэгэн бүрэн эрхийн буюу 4 жилийн хугацаанд төрийн тусгай хамгаалалтад байдгийг өөрчилсөн. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бол 3 жил, Улсын Их Хурлын дарга,     Ерөнхий сайдаар ажиллаж байсан бол 2 жилийн хугацаанд төрийн тусгай хамгаалалтад байхаар зохицуулсан.

   ТТХГ нь хуулиар төрийн тусгай хамгаалалтад байхаар тогтоосон Улсын Их Хурлын чуулган, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан, олон улсын дээд хэмжээний уулзалт, хэлэлцээр, хурал, зөвлөгөөн явагдах танхим, хамгаалуулагчийн ордон, өргөө, зориулалтын орон сууц, тээврийн хэрэгсэл болон түр байрлах орон байр, албан тасалгаанд техникийн үзлэг, шалгалт хийх бөгөөд үзлэг, шалгалт хийх зөвшөөрлийг ТТХГ-ын дарга олгоно.

Улсын Их Хурлын Тамгын газар

http://parliament.mn/n/g9co