ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

      Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

    Сүүлийн жилүүдэд улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажлууд болох төмөр зам, авто зам, барилга байгууламж, газрын тосны үйлдвэрийн дэд бүтэц зэрэг томоохон төсөл, хөтөлбөрт Зэвсэгт хүчний барилга, инженерийн анги, байгууллагыг татан оролцуулж амжилттай хэрэгжүүлж байна.

    Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг бүтээн байгуулалтын ажилд оролцуулахдаа цэргийн барилга, инженерийн ангиудыг цэргийн захиргааны удирдлагаар шууд ханган, бие даасан төрлийн цэргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах боломжийг хангах үүднээс төрөл, мэргэжлийн цэрэгт хамаардаг барилга, инженерийн ангийн статусыг нэмэгдүүлэн, гүйцэтгэх чиг үүргийг хуулиар нарийвчлан тодорхойлж, түүний бие даасан удирдлагатай, төвлөрсөн нэгдмэл байдлыг хангах зохицуулалтыг хуульчлан баталгаажуулах, мөн Монгол Улсын     Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журмыг батлахтай холбогдсон зохицуулалтыг нэмж тусгасан.

    Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Зэвсэгт хүчний бүтцэд барилга-инженерийн цэргийн удирдах байгууллага, түүний чиг үүрэг, бүтээн байгуулалтын ажилд оролцох бие бүрэлдэхүүний эрх зүйн үндэс бүрдсэн.

    Монгол Улсын Засгийн газраас 2019 онд Монгол Улсын Зэвсэгт хүчний бүтцэд улс орны кибер орон зайг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх “Кибер аюулгүй байдлыг хангах төв”-ийн чиг үүрэг, хариуцлагын түвшин дээшилж, үйл ажиллагаа нь хуулиар баталгаажсан.

    Тайван цагт гамшиг, аюулт үзэгдэл, ослын онцгой нөхцөл байдал үүссэн үед болон хөнөөх хэрэгслийн голомтод эрсдэл бүхий үүрэг гүйцэтгэх, хууль тогтоомжийн хүрээнд террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох зэрэг тусгай зэвсэглэл, техник хэрэгсэл, арга тактикаар үр дүнтэй тэмцэл явуулах чиг үүрэг бүхий Зэвсэгт хүчний бие даасан төрлийн цэрэг болох тусгай хүчний цэргийг үүсгэн байгуулах эрх зүйн үндсийг хуульчилж өгсөн. Ингэснээр мэргэжлийн цэрэгт суурилсан буюу цэргийн мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн бие бүрэлдэхүүн, шинжлэх ухаан, технологийн дэвшилд суурилсан орчин үеийн зэвсэглэл, цэргийн техник бүхий чадварлаг Зэвсэгт хүчнийг төгөлдөржүүлэх эрх зүйн орчин бүрдсэн.

Улсын Их Хурлын Тамгын газар

http://parliament.mn/n/gmco