ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭД ХООРОНДЫН ГҮЙЛГЭЭГ ҮНДЭСНИЙ МӨНГӨН ТЭМДЭГТЭЭР ГҮЙЦЭТГЭХ ТАЛААР
Иргэний хуулийн 217.1. дэх хэсэгт “Мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ.”, 217.2 дэх хэсэгт “Хуулиар хориглоогүй бол талууд мөнгөн төлбөрийн үүргийг гадаадын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэж болно.”, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1 дэх хэсэгт “Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно.”, 4.4 дэх хэсэгт “Банк, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгсэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулж болно.” гэж тус тус заажээ.
Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10.4 дэх хэсэгт заасан “Иргэн, хуулийн этгээд хоорондын гүйлгээг үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх” гэсэн заалт нь Иргэний хууль болон Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуультай нягт уялдсан бөгөөд иргэн, хуулийн этгээдийн мөнгөн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг “төгрөгөөр” гүйцэтгэх агуулгаар хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдэх иргэн хуулийн этгээд хоорондын (иргэн, иргэн хооронд болон хуулийн этгээд, хуулийн этгээд хооронд мөн адил хамаарна.) бараа, ажил, үйлчилгээний үүргийн гүйцэтгэлийг “төгрөгөөр” гүйцэтгэнэ. Харин банк хуулийн хэрэгжилтийг хангахдаа харилцагчаас гүйлгээний зориулалт нь ямар зориулалттай болохыг нягтлан, харилцагчид Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил үйлчилгээний төлбөрийг үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхийг мэдэгдэн, холбогдох арга хэмжээг авч ажиллахаар болсон байна.
Монгол Улсын Их Хурлаас баталсан “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль” нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үйлчилнэ. Энэхүү хугацааг Монгол Улсын Их Хурал 6 хүртэл сараар нэг удаа сунгаж болно гэж заасан.
Эх сурвалж: https://www.legalinfo.mn/law/details/15312?lawid=15312