СОНГОГЧ ТА САНАЛАА ХЭРХЭН ӨГӨХ ВЭ?

Сонгогч Та саналаа хэрхэн өгөх вэ?

       Сонгогч та саналаа зөөврийн битүүмжилсэн хайрцгаар эсхүл санал авах байранд өөрийн биеэр өгөх боломжтой.

Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх

       Дараах сонгогчид нь зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгнө. Үүнд:

  • - Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй сонгогч;
  • - Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа сонгогч;
  • - Зөрчлийн улмаас баривчлагдсан сонгогч;
  • - Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогч;

   

      Санал авах байр зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн хүсэлт, магадалгаа, тодорхойлолтыг хүлээн авч тухайн хэсгийн сонгогч мөн эсэхийг шалгаж зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрсийг гаргаж, санал авах чиглэл, хуваарийг гарган сонгогчийн саналыг тухайн санал авах байрын хоёроос доошгүй төлөөлөл гишүүн оршин байгаа газарт нь очиж авна.

       Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалтад ороогүй сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авахыг хориглоно.

Сонгогч санал авах байранд ирж, саналаа өөрөө биечлэн өгөх

       Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр 2020 оны 10 дугаар сарын 15-ний Пүрэв гариг байна.

       Ээлжит сонгуулийн санал авах өдөр нь бүх нийтээр амарна. Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын захиргаа чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй.

     Санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах; соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах; гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллах зэрэг үйл ажиллагааг хориглоно.