ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭХ, ЦУГЛУУЛАХ, АНГИЛАХ, ТЭЭВЭРЛЭХ, ДАХИН БОЛОВСРУУЛАХ, СЭРГЭЭН АШИГЛАХ, УСТГАХ, БУЛШЛАХ ЖУРАМ

Нийтлэг үндэслэл: Хог хаягдлын тухай хуулийн 8.2.1-т заасны дагуу тээврийн хэрэгслийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, ангилах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

2. ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХОГ ХАЯГДАЛД ХАМААРАХ ХОГ ХАЯГДАЛ

2.1 Тээврийн хэрэгслийн хог хаягдалд дараах зүйлс хамаарна.

2.1 Ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгсэл;

2.2 Тээврийн хэрэгслийн засвар, үйлчилгээнээс гарах хог хаягдал;

2.3 Тээврийн хэрэгслийн ашиглалтын явцад үүссэн хог хаягдал:

2.4 Бусад хог хаягдал

 

3. ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭХ, ЦУГЛУУЛАХ

 

3.1. Тээврийн хэрэгслийн хог хаягдал цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг Хог хаягдлын тухай хуулийн 8.1.4-т заасан зөвшөөрөл бүхий, 8.1.9.а-д заасны дагуу бүртгүүлсэн иргэн, аж ахуй нэгж, байгууллага гүйцэтгэнэ.

3.2. Хог хаягдлыг цуглуулах гэж Хог хаягдлын тухай хуулийн 4.1.8-д заасныг ойлгоно.

3.3. Хуучирсан, ашиглалтаас гарсан тээврийн хэрэгслийг цуглуулахдаа дараах аргыг сонгож болно.

3.3.1. шинийг худалдахдаа хуучныг нь эргүүлэн авч, үнийн хөнгөлөлт үзүүлэх;  

3.3.2. хуучирсан, ашиглалтаас гарсан тээврийн хэрэгсэл, эд ангийг  тодорхой үнээр худалдан авах, эсхүл шинэ бүтээгдэхүүн худалдан авахад хөнгөлөлт үзүүлэх, урамшуулал олгох;

 3.4. Үүсгэгч болон өмчлөгч нь тээврийн хэрэгслийн хог хаягдлын бүртгэл хөтлөх бөгөөд үүссэн хаягдлыг устгах, дахин боловсруулах зөвшөөрөл бүхий иргэн, аж ахуй нэгж, байгууллагад шилжүүлнэ.

3.5. Тээврийн хэрэгслийн хог хаягдал үүсгэгч нь аюултай хог хаягдлыг Хог хаягдлын тухай хуулийн 23.1-д заасан хугацаанд эх үүсвэр дээр түр хадгална.

3.6. Тээврийн хэрэгслийн аюултай хог хаягдал үүсгэгч болон өмчлөгч нь аюултай хог хаягдлыг эх үүсвэр дээр түр хадгалахад Хог хаягдлын тухай хуулийн 23.3-т зааснаас гадна дараах шаардлагыг хангасан байна.Үүнд:

3.6.1.хог хаягдлыг ангилан ялгасан байх;

3.6.2. тээврийн хэрэгслийн аюултай хог хаягдлыг агуулах сав нь агуулж буй хог хаягдалтайгаа урвалд ордоггүй материалаар хийгдсэн, эсхүл ийм материалаар доторлосон байх;

3.6.3. хог хаягдлын аюулын шинж чанар болон аюултай шинж чанар үзүүлэгч бүрэлдэхүүнийг итгэмжлэгдсэн лабораториор тодорхойлуулсан байх;

3.6.4. хүсэх хог хаягдлын төрөл, кодыг хог хаягдлын кодчилсон жагсаалтын дагуу тогтоосон байх;

3.7. хог хаягдал цуглуулах иргэн, аж ахуй нэгж, байгууллагын ажилтан нь дараах ерөнхий шаардлагыг хангасан байна. 

3.7.1. хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж үнэмлэх, гэрчилгээ авсан байх;

3.7.2.хөдөлмөр хамгааллын нэг бүрийн хэрэгсэл хэрэглэх;

3.7.3.хог хаягдал цуглуулах үйл ажиллагааны бүрэн мэдлэгтэй, хог хаягдал үүсгэгчийн онцлогийг тодорхойлох чадвартай байх;

4. ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХОГ ХАЯГДЛЫН АНГИЛАЛ

4.1. Хог хаягдлыг ангилах гэж Хог хаягдлын тухай хуулийн 4.1.7-д заасныг ойлгоно.

4.2. Тээврийн хэрэгслийн хог хаягдлыг дараах байдлаар ангилна.

4.2.1. Аюултай хог хаягдал;

4.2.2  Энгийн хог хаягдал.

4.3. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 116 дугаар тогтоолын “Аюултай хог хаягдлын жагсаалт”-д багтсан хог хаягдлыг тээврийн хэрэгслийн аюултай хог хаягдал гэж ойлгоно.

4.4. Засгийн газрын 2018 оны 116 дугаар тогтоолоор батлагдсан “Аюултай хог хаягдлын жагсаалт”-д багтаагүй бусад хог хаягдлыг тээврийн хэрэгслийн энгийн хог хаягдал гэж ойлгоно.  

4.5. Тээврийн хэрэгслийн хог хаягдлыг аюулын зэрэглэлээс хамаарч хогийн сав, хашааг өнгөөр ялгасан, эсвэл ангилан ялгах зориулалтын тэмдэг, тэмдэглэгээтэй байна.

5. ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ТЭЭВЭРЛЭХ

 

5.1. Тээврийн хэрэгслийн аюултай хог хаягдал тээвэрлэх автотээврийн хэрэгсэл нь “Аюултай хог хаягдал” гэсэн бичиглэл, холбогдох стандартад заасан анхааруулах тэмдэг байрлуулсан, зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэх ба аюултай хог хаягдлыг ачих, буулгах, тээвэрлэхэд ЗГ-ын 2018 оны 116 дугаар тогтоолоор батлагдсан “Аюултай хог хаягдлыг түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах болон бүртгэх, тайлагнах журам”-д заасан тавигдах нөхцөл шаардлагыг мөрдөнө.

5.2. Эрх бүхий этгээд нь ангилсан хог хаягдал тус бүрийг зориулалтын газар хүргэх ажлыг зохион байгуулна.

5.3. Аюултай хог хаягдлыг тээвэрлэхдээ мэргэжлийн хяналтын холбогдох байцаагчийн дүгнэлт, тээврийн хэрэгслээр аюулгүй ажиллагааны зааврын дагуу тээвэрлэнэ.

5.4. Аюултай хог хаягдал тээвэрлэгч нь үүсгэгч болон өмчлөгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр зориулалтын саванд савласан  “Аюултай хог хаягдал” гэсэн тэмдэг, тэмдэглэгээтэй, хог хаягдлын дагалдах бичиг бүхий аюултай хог хаягдлыг үүсгэгчээс хүлээн авч тээвэрлэнэ.

5.5. Тээврийн хэрэгслийн хог хаягдлыг хүлээн авах болон хүлээлгэн өгөхдөө Иргэний хуулийн 388, 390 дүгээр зүйлд заасныг баримтална.

5.6. Хүлээн авагч хог хаягдлыг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд энэ тухай бичгээр гаргасан тайлбарыг хог хаягдал болон түүний дагалдах бичгийн хамт үүсгэгчид хүлээлгэн өгнө.

5.7. Аюултай хог хаягдал тээвэрлэх тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхтэй, аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан мэргэшсэн жолооч байна.

5.8. Тээвэрлэгч нь тээврийн хэрэгслийн аюултай хог хаягдал асгарах, алдагдах үед ашиглах багаж хэрэгсэл, материалаар хангах бөгөөд тээврийн хэрэгслийн жолооч нь тэдгээрийг ашиглах сургалтад хамрагдаж, зохих дадал эзэмшсэн байна.

5.9. Тээвэрлэлтийн үед аюултай хог хаягдал асгарах, алдагдах тохиолдолд  тээвэрлэгч нь ЗГ-ын 2018 оны 116 дугаар тогтоолоор батлагдсан “Аюултай хог хаягдлыг түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах болон бүртгэх, тайлагнах журам”-ын 3.15-д заасны дагуу цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авна.

5.10. Тээврийн хэрэгслийн аюултай хог хаягдал тээвэрлэгч нь бусад нийцгүй аюултай хог хаягдалтай хамт тээвэрлэхийг хориглоно.

5.11. Тээврийн хэрэгслийн аюултай хог хаягдал тээвэрлэгчийн тээврийн хэрэгслийн марк, загвар, улсын дугаар, жолоочийн нэр нь маягт дээрх бичвэртэй таарсан байх.

5.12. Аюултай хог хаягдал тээвэрлэх тээврийн хэрэгсэл нь хяналтын цахим төхөөрөмж /GPS/-өөр тоноглогдсон мөн тухайн төхөөрөмжөөр хяналт хийх эрх бүхий автотээврийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагын сервертэй холбогдож, хяналтад байна.

5.13. Тээврийн хэрэгслийн аюултай хог хаягдал тээвэрлэгч нь тухайн жил тээвэрлэсэн аюултай хог хаягдлын талаарх мэдээллийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан аюултай хог хаягдал тээвэрлэх үйл ажиллагааны тайлангийн маягтын дагуу гаргаж, “Хог хаягдлын улсын мэдээллийн нэгдсэн сангийн тогтолцоо, бүрдэл болон мэдээлэл төвлөрүүлэх журам”-д заасан байгууллагад тогтоосон хугацаанд  хүргүүлнэ.

6. ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ДАХИН

 БОЛОВСРУУЛАХ, СЭРГЭЭН АШИГЛАХ

 

6.1. Аюултай хог хаягдлыг хадгалах, дахин боловсруулах, устгах байгууламж  нь Хог хаягдлын тухай хуулийн 25.3-т заасан шаардлагыг хангасан байна.

6.2. Хог хаягдлыг дахин боловсруулах эрх бүхий этгээд нь түүхий эд болох хог хаягдлыг өөрөө болон хог хаягдал цуглуулах эрх бүхий этгээдээр дамжуулан цуглуулна.

6.3. Эрх бүхий этгээд өөрийн үйлдвэрийн байранд, байгаль орчинд ээлтэй нөхцөлөөр, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга, технологиор хог хаягдлыг нэрэх, цэвэрлэх, сэргээх аргаар боловсруулж, эргүүлэн ашиглах, эдийн засгийн хувьд ашигтай хог хаягдлыг анхны хэлбэрт оруулах үйл ажиллагаа эрхэлж болно.

6.4. Хог хаягдлыг дахин боловсруулах аж ахуйн нэгж нь тээврийн хэрэгслийн хог хаягдлыг  дахин боловсруулаад үлдсэн эд ангийг бутлан дахин боловсруулах аж ахуйн нэгжид шилжүүлэх, бусад хог хаягдлаас тусад нь хадгалах ёстой.

6.5. Эрх бүхий этгээд өөрийн үйлдвэрийн байранд тээврийн хэрэгслийн хог хаягдлыг дахин боловсруулахдаа орон нутгийн мэргэжлийн хяналт, цагдаа болон онцгой байдлын байгууллагад өөрийн байгууламжийн бүтэц, үйл ажиллагаа, устгаж, боловсруулж байгаа хог хаягдлын шинж чанар, гарч болзошгүй аюул осол, ажилтнуудын ажлын байрны байршил, байгууламжийн доторх орц, гарц, зам, ослын гарцын талаар жил бүр танилцуулж, мэдээллээр хангана.

6.6. “Аюултай! Гадны хүн зөвшөөрөлгүй орохыг хориглоно” гэсэн анхааруулгыг гол хаалга болон дотоод байгууламжийн хаалга тус бүр дээр хамгийн багадаа 10 м-ийн зайнаас харагдахуйцаар байрлуулна.

6.7. Тээврийн хэрэгслийн энгийн хог хаягдлыг сэргээн ашиглах, дахин боловсруулах байгууламжийн ажилтан тухайн ажлын байрны шаардлагад нийцсэн сургалтад хамрагдаж, зохих дадал эзэмшсэн байна.

 6.8. Задлан, дахин боловсруулах үйл ажиллагаанаас бий болсон сэргээн ашиглагдах хуучин сэлбэг, эд анги нь тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын стандарт шаардлагад бүрэн нийцсэн байна.

 6.9. Тээврийн хэрэгслийн хог хаягдлыг сэргээн ашигласан, дахин боловсруулсан, устгасан, булшилсан хог хаягдлын талаар бүртгэл хөтөлж мэдээллийн сан бүрдүүлж ажиллана.

 7. ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДЛЫГ

БУЛШИЛЖ УСТГАХАД ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

7.1. Энгийн хог хаягдлыг булшлах гэж Хог хаягдлын тухай хуулийн 4.1.14-д заасныг ойлгох ба мөн хуулийн 34 дүгээр зүйл хамаарна.

7.2. Тээврийн хэрэгслийн энгийн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт зөвшөөрөгдсөн ландфилл талбайд зориулалтын тоног төхөөрөмжөөр булшилна.

7.3. Хог хаягдлыг булшлах ажиллагаа нь дэлхийн эрүүл мэндийн болон байгаль орчны холбогдох байгууллагуудаас гаргасан зөвлөмжийн дагуу байгаль орчинд хоргүй нөхцөлөөр, ландфилл аргаар хийгдэнэ.

7.4. Тээврийн хэрэгслийн хог хаягдал булшлах төвлөрсөн цэгт тавигдах шаардлага болон зохицуулах харилцааг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан “Хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулах, үйл ажиллагаа явуулах, хаах аргачилсан заавар”-аар зохицуулна.

7.5. Хоорондоо нийцгүй хог хаягдлыг нэг дор, нэг үүрэнд хамт булшлахыг хориглоно.

7.6. Ландфиллын үйл ажиллагаа эрхлэгч нь булшилсан аюултай хог хаягдлын төрөл, нэг бүрийн байрлал, хэмжээ, гүнийг тэмдэглэсэн зураглал үйлдэж, аюултай хог хаягдлын бүтэц, байршлын талаар бүртгэл хөтөлнө.

7.7. Аюултай хог хаягдлын ландфилл нь хог хаягдал, түүнээс үүсэх шүүрлээс хөрс, газрын доорхи болон гадаргын ус бохирдохоос хамгаалах зориулалттай доторлогооны систем, шүүрэл цуглуулах, зайлуулах системтэй байна.

7.8. Аюултай хог хаягдлын ландфиллын доторлогооны систем, шүүрэл цуглуулах, зайлуулах систем нь стандартад заасан шаардлагыг хангасан байна.

7.9. Ландфиллын үйл ажиллагаа эрхлэгч нь ландфиллыг бүрэн болон хэсэгчлэн хаахдаа батлагдсан зураг төслийн дагуу хучиж битүүмжлэх ба хучилтын давхарга нь стандартад заасан шаардлагыг хангасан байна.

7.10. Ландфиллын үйл ажиллагаа эрхлэгч нь ландфиллыг бүрэн хаасны дараа Хог хаягдлын тухай хуулийн 32.2-т заасан хяналт-шинжилгээ, арчилгаа үйлчилгээг авч хэрэгжүүлнэ.

7.11. Хаагдсан тээврийн хэрэгслийн аюултай хог хаягдлын ландфиллын газар дээр аливаа үйл ажиллагаа эрхлэх, түүнийг ашиглахыг хориглоно.

7.12. Ландфиллын шаардлагатай газруудад дараах мэдээллийг нүдэнд харагдахуйц газар байрлуулсан байна.

7.12.1. аюултай хог хаягдал хариуцсан ажилтны овог нэр, утасны дугаар

7.12.2. гал унтраах хэрэгсэл, галын дохиолол, аюултай хог хаягдал асгарч  алдагдсан үед ашиглах материалын байрлалыг заасан зураг, схем.

7.13. Аюултай хог хаягдлыг шатааж устгах гэж Хог хаягдлын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасныг ойлгон ерөнхий шаардлагыг мөрдөж ажиллана.

7.14. Тээврийн хэрэгслийн хог хаягдлыг байгаль орчинд ээлтэй технологиор, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, зориулалтын байгууламж, тоног төхөөрөмжид зөвшөөрсөн газарт шатааж болно.

7.15. Төвлөрсөн хогийн цэгт хог хаягдлыг шатааж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барьж болох ба хог хаягдлыг тээвэрлэж, төвлөрсөн хогийн цэгт хүргэх боломжгүй алслагдсан газар нутаг, суурин газарт өндөр даралт болон битүүмжлэл бүхий хог хаягдал шатаах зориулалтын, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, байгаль орчны холбогдох байгууллага хүлээн зөвшөөрсөн жижиг оврын хог хаягдал шатаах байгууламж ашиглан дулаан, халуун ус үйлдвэрлэж хог хаягдлыг сэргээн ашиглаж болно.

7.16. Хог хаягдлын хуулийн 39.1-д заасны дагуу тээврийн хэрэгслийн аюултай хог хаягдлыг ашиглах, хадгалах, түр байршуулах, устгах зорилгоор Монгол Улсад импортоор оруулахыг хориглоно.

7.17. Хог хаягдлын тухай хуулийн 39.2-д заасны дагуу тээврийн хэрэгслийн аюултай хог хаягдлыг Монгол Улсын хил дамжуулан тээвэрлэхийг хориглоно.

7.18. Хог хаягдлыг дахин боловсруулах, устгах байгууламжийг Хог хаягдлын тухай хуулийн 25.1-д заасан байршилд байгуулахыг хориглоно.

 

- - - о о 0 о о - - -

 

https://www.legalinfo.mn/annex/details/11240?lawid=15594