УСНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын хэмжээнд газрын доорх усны нөөцийн тархалт жигд бус, чанар, найрлага нь байгалийн бүс, бүслүүр, ус агуулах чулуулгийн тогтоц, найрлагаас хамаарч өөр өөр байна. Гадаргын усны нөөцийн 70% нь Алтай, Хангай, Хэнтий нуруу, Хөвсгөлийн уулс, Их Хянганы нуруу зэрэг уул нуруудын өндөрлөг хэсэгт нийт нутаг дэвсгэрийн 30% орчим эзлэх талбайд бүрдэнэ.

Манай орны нийт ус ашиглалт, хэрэглээ жилдээ 500 сая.м3 орчим байгаа ба хүн амын өсөлт, нийгэм, эдийн засгийн хөгжилтэй уялдан жилээс жилд нэмэгдэж байна. Сүүлийн 40 жилийн судалгаагаар Монгол орны усны нийт нөөц олон жилийн дунджаар жилд 608,300.0 сая.м3 (мөнх цас, мөсөн голын усны нөөц буурснаас 564,800.0 сая.м3 болсон), үүний 34,600.0 сая.м3 гол, мөрний, 500,000.0 сая.м3 нуурын, 62,900.0 сая.м3 (19,400.0 сая.м3 болж буурсан) мөнх цас, мөсөн голын, 10.800 сая.м3 газрын доорх ус байна.

Монгол Улсын усны хэрэглээний 80 орчим хувийг нийт нөөцийн 1.9 хувь болох газрын доорх усаар хангаж байгаа бөгөөд газрын доорх усыг ашиглах, хамгаалах  харилцааг зохицуулсан хууль, тогтоомж, эрх зүйн баримт бичиг хангалтгүй байна.

Түүнчлэн “Усны тухай хууль”-д газрын доорх ус ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын  хоорондын харилцааг зохицуулах, хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулах нь өнөөгийн тулгамдаж буй асуудал болсон. Мөн уул уурхай, аж үйлдвэрийн салбар хөгжиж буйтай холбогдуулан энэхүү салбаруудад газрын доорх цэнгэг усны орд ашиглахыг хориглох, орхигдсон цооног битүүмжлэх, усны ашиглалт, хэрэглээний эрэмбэ тогтоож иргэдийн ундны усны хэрэглээний давуу эрх бий болгох, гадаргын усны хэрэглээг нэмэгдүүлэх, усны нөөцийн хомсдолын түвшнийг тогтоох, хянах эрх зүйн орчныг бүрдүүлэх нийгэм-эдийн засгийн шаардлага үүссэн.

Иймд Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд нэмэлт болон өөрчлөлт оруулах хэлбэрээр боловсруулж усны нөөц хамгаалах, хомсдолоос сэргийлэх, хариуцлагатай ашиглалт, хяналтыг сайжруулах, хүн амын унд, ахуйн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор газрын доорх усны эрх зүйн зохицуулалтыг тусгасан байна.

Эх сурвалж: http://forum.parliament.mn/projects/532