ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль 2020 оны 05-р сарын 7-ны өдрөөс батлагдсан бөгөөд 2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаан эхэлсэн өдөр буюу 2020 оны 06-р сарын 30-наас эхлэн дагаж мөрдөж байна.
Хууль тогтоомжийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу хуулийн төслийг шинэчилсэн найруулгын хэлбэрээр боловсруулах ба уг хуулийн төсөл нь 7 бүлэг, 25 зүйлтэй байх бөгөөд доор дурдсан хамрах хүрээтэй байна. Үүнд:
Нийтлэг үндэслэлийг заасан нэгдүгээр бүлэгт хуулийн зорилт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль тогтоомжийн үйлчлэх хүрээ болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн харилцаанд шаардагдах 25 төрлийн нэр томьёог тодорхойлсон;
Хоёрдугаар бүлэгт хөгжлийн бодлого, төлөвлөлтөд баримтлах 15 зарчмыг тодорхойлсон бөгөөд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төрлүүдийг ангилж, системчилсэн;
Гуравдугаар бүлэгт хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоог бүхэлд нь авч үзэж, бодлого төлөвлөлт, хэрэгжилтэд оролцогчдын эрх, үүргийг тодорхойлж, тэдгээрийн хоорондын харилцааг зохицуулсан;
Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах үе шат, боловсруулахад тавигдах шаардлага, баримт бичгийн цаглавар, тэдгээрийн санхүүжилт болон хэрхэн нэмэлт, өөрчлөлт оруулах зохицуулалтыг төслийн дөрөвдүгээр бүлэгт тусгасан;
Тавдугаар бүлэгт хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх зорилго, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үе шат болон тус үйл ажиллагааг хариуцах субъектийг тодорхойлсон;
Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох, батлагдсан нийт баримт бичгийг хэвлэн нийтлэх, тэдгээрийг мэдээллийн нэгдсэн санд төвлөрүүлэх зэрэг асуудлыг зургаадугаар бүлэгт зохицуулсан;
Долоодугаар бүлэгт хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, эрх бүхий албан тушаалтныг огцруулах үндэслэл зэргийг тус тус зохицуулсан.
Эх сурвалж: : https://www.forum.parliament.mn/projects