БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ТУХАЙ

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11-р зүйлийн 11.3.3-т заасны дагуу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг улсын хэмжээнд Улсын Онцгой комиссын даргын саналыг үндэслэн Засгийн газар гаргана. Иймээс 2020 оны 11-р сарын 11-ний өдөр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын 178 тоот тогтоол гарсан ба улмаар 2020 оны 11-р сарын 15-ны өдрийн Засгийн газрын 181 тоот тогтоолоор Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгасан билээ.

“Бэлэн байдал” гэж гамшиг, аюулын сөрөг үр дагаврыг урьдчилан тооцож, хүний амь нас, эрүүл мэнд, мал, амьтан, хүрээлэн буй орчин, дэд бүтэц, нийгэм-эдийн засгийн  аюулгүй, тогтвортой байдлыг хангах зорилгоор авч хэрэгжүүлж байгаа нэгдмэл удирдлага, төлөвлөлт, зохион байгуулалтын цогц арга хэмжээг[1] ойлгоно.

Үүнтэй холбоотойгоор 2020 оны 11-р сарын 11-ний өдөр Улсын онцгой комиссын “Зорчигч тээврийн хэрэгслийн гарах хөдөлгөөн, бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалт, үзвэр үйлчилгээ, цахим болон хүүхдийн тоглоомын төвийн үйл ажиллагааг түр зогсоох тухай” 12 тоот тогтоол, мөн 2020 оны 11-р сарын 12-ны өдөр Нийслэлийн Засаг даргын “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/1242 тоот захирамж тус тус гарсан.

Дээрх шийдвэрийн дагуу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд дараах үйл ажиллагаа хамаарахаар байна. Үүнд:

1.

Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан

2.

Цахилгаан, дулаан, усан хангамж, ариутга татуурга

3.

Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж,

4.

Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, түгээлт, ханган нийлүүлэлт /хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөөний төв, агуулах, хүнсний зах, мал, амьтны тэжээл/

5.

Эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага

6.

Хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлт, устгал, золбин нохой, муурын устгал

7.

Ариутгал, халдваргүйжүүлэлт, нийтийн бие засах газар

8.

Банкны төлбөр тооцоо

9.

Оршуулгын үйл ажиллагаа

10.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэлт, сайжруулсан болон баяжуулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт, тусгай зөвшөөрөл бүхий байгууллагын түлшний тээвэрлэлт

11.

Шүүх, прокурорын байгууллага

12.

Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага /гамшгаас хамгаалах, мэргэжлийн хяналт, цагдаа, зэвсэгт хүчин, гааль, татвар, байгаль орчныг хамгаалах, улсын бүртгэл, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх, дипломат болон тусгай алба/

13

Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллага /Гадаадын дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төв, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг,“Чингис хаан” олон улсын нисэх буудал, “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар, Стандарт, хэмжил зүйн газрын төв байр болон Үнэт металлын сорьцын хяналтын газрын байр, Үндэсний дата төвийн нөөц төв/

 

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4.1.23-т “хязгаарлалтын дэглэм” гэж засаг захиргаа, нутаг дэвсгэр, голомтын бүсэд гамшгаас хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор хүн, мал, амьтан, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг зогсоох, иргэн, байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагаа болон эрхийг хязгаарлахыг ойлгохоор заасан ба мөн хуулийн 10.4.4-т гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хязгаарлалтын дэглэм тогтоох арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр хуульчилсан. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед өдөр тутмын болон өндөржүүлсэн бэлэн байдлын бүх арга хэмжээг бүхэлд нь хэрэгжүүлдэг тул дээр дурдсанаас бусад үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоосон гэж ойлгоно.

Иргэн, хуулийн этгээд гамшгаас хамгаалах хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн тул дээрх холбогдох шийдвэрүүдийг биелүүлж, холбогдох заавар зөвлөмжийг хэрэгжүүлэх ёстой болно. Түүнчлэн хязгаарлалтын дэглэм тогтоосон үед эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл, иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичигтэй зорчих[2] үүрэгтэй байна.

Зөрчлийн тухай хуулийн 5.13-р зүйлд “Гамшиг, ... халдварт өвчин, ... үед эрх бүхий байгууллагаас тогтоосон ... хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн  дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 500,000 төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг 5,000,000 төгрөгөөр торгоно.

Мөн Гамшгаас  хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хүнийг 100,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 1,000,000 төгрөгөөр торгоно” гэж тус тус заасан. Тухайлбал, иргэн, хуулийн этгээд хуульд заасан дэглэм зөрчих, хязгаарлалт тогтоосон үйл ажиллагаа эрхлэх, төрийн эрх бүхий албан тушаалтны тавьсан шаардлагыг биелүүлэхгүй зэрэг зөрчил гаргавал дээрх эрүүгийн эсхүл  зөрчлийн тухай хуульд заасан журмын дагуу хариуцлага хүлээлгэхээр байна.



[1] Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4.1.24 дэх хэсэг

[2] Гамшгаас хамгаалах тухай хуулийн 37 дугаар 37.2.8 дахь заалт