ӨМГӨӨЛӨГЧИЙН ХҮСЭЛТ

Шинээр батлагдсан Өмгөөллийн тухай хууль (2019)-ийн “өмгөөллийн үйл ажиллагаа” гэсэн бүлэгт “өмгөөлөгчийн хүсэлт” түүнийг гаргах зорилго, журмыг тусгай зүйл болгон анх удаа шинээр оруулсан. Энэ нь өмгөөлөгчийн хүсэлт хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад зарчмын ач холбогдолтой болохын зэрэгцээ, хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг харуулж байна. Хүсэлт гэдэг үгийг монгол хэлний хэл зүйн талаас нь авч үзвэл “хүсэх, гуйх үйлийн үр дүнг заасан”[1] утгыг илэрхийлдэг байна.

Харин хуулийн 20 дугаар зүйлийн өмгөөлөгчийн хүсэлтийн мөн чанар, хууль зүйн үр дагавар нь зөвхөн “хүсэх, гуйх” төдийхөн биш юм.

Өмгөөлөгчийн хүсэлтийн мөн чанар нь дараах гурван шинжээр тодорхойлогдоно. Үүнд:

Нэгдүгээрт. Өмгөөллийн үйл ажиллагааны зарчмыг хангаж, үйлчлүүлэгчийн эрх, эрх чөлөө хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад бүрэн чиглэгдэх;

Хоёрдугаарт. Нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх, эсхүл хэрэг, маргаанд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай баримт сэлтийг цуглуулах боломжийг бүрдүүлдэг хууль ёсны арга болох;

Гуравдугаарт. Заавал хариу өгнө. Хэрэв өмгөөлөгчийн хүсэлтэд хариу өгөөгүй тохиолдолд, үүргээ биелүүлээгүй этгээд хариуцлага хүлээнэ. Харин өмгөөлөгч шүүхэд хандаж хүсэлтээ шийдвэрлүүлж болно.

Үүнээс дүгнэвэл өмгөөлөгчийн хүсэлт нь хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргадаг хүсэлттэй харьцуулбал илүү өргөн хүрээг хамаарах бөгөөд амин хувийн бус буюу өмгөөллийн үйл ажиллагааны зорилгод захирагддаг байна.

Өмгөөлөгчийн хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Арбитрын тухай хуульд заасан журмаар шийдвэрлэвэл зохих өмгөөлөгчийн гаргасан хүсэлтэд хамаарахгүй болно.

Өмгөөлөгчийн хүсэлтийн зорилго нь хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэхэд шаардлагатай лавлагаа, тодорхойлолт, баримт сэлтийг төрийн болон төрийн бус байгууллагаас гаргуулан авахад чиглэгддэг болох талаар хуульд тодорхой заасан байна.

Өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авсан төрийн, төрийн бус байгууллага хуульд өөрөөр заагаагүй бол 14 хоногийн дотор бичгээр хариу өгнө. Бичгээр өгөх хариу нь өмгөөлөгчийн хүсэлтэд заагдсан асуудлыг бүх талаас нь судлан үзэж, шийдвэрлэсэн байна.

Өмгөөлөгчийн хүсэлтэд заасан баримт сэлт, мэдээллийг эрж хайх, түүвэрлэн боловсруулах зэрэгт нэмэлт хугацаа шаардлагатай бол хариу өгөх хугацааг нэг удаа 14 хоногоор сунгаж болохыг хууль тогтоогч зөвшөөрсөн байна. 

Өмгөөлөгчийн хүсэлтэд заасан баримт сэлт, мэдээлэл нь нууцад хамаарах эсэхээс үл хамааран өмгөөлөгч танилцах боломжтой.

Гэхдээ холбогдох нууцын хууль тогтоомжид заасан журмыг баримтална. Тодруулбал, өмгөөлөгчийн хүсэлтэд заасан баримт сэлт, мэдээлэл нь хууль тогтоомжийн дагуу төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хувь хүний нууцад хамаарч байгаа бол нууц задруулахгүй байх баталгааг гаргана.

Өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан заавал шийдвэрлэх үүрэгтэй. Хэрэв энэ үүргээ биелүүлээгүй бол тухайн байгууллага, албан тушаалтанд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

Түүнчлэн өмгөөлөгчийн хүсэлтэд заагдсан лавлагаа, мэдээлэл, баримт сэлтийг тухайн төрийн болон төрийн бус байгууллага гаргаж өгөөгүй тохиолдолд харьяалах шүүхэд хандан нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болно.

-----000-----

 


[1] Хамтын бүтээл. Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь. Уб. 2018., 400 дахь тал.