БҮХ НИЙТИЙН ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ҮЕД ЦАЛИН ХӨЛС ОЛГОЛТЫН ТУХАЙ
2020 оны 11-р сарын 15-ны өдрийн Засгийн газрын 181 тоот тогтоолоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгасан билээ.
Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 13-р зүйлийн дагуу хуулийн этгээд хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тусгаарлалтын дэглэмд байгаа ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах, үйл ажиллагаагаа мэдээллийн технологи ашиглан цахимаар явуулах боломжийг бүрдүүлэх үүрэг тус тус хүлээсэн болно. Өөрөөр хэлбэл хуулийн этгээд нь дээрх дэглэмийн хугацаанд ажлын байрыг хэвээр хадгалж, зайнаас цахимаар ажиллуулах үүргийг хүлээсэн.
Энэхүү хугацаанд ажил олгогч нь ажилтанд цалин хөлсийг ямар хэмжээгээр төлөх талаар Хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулсан бол тэр журмаараа ажилтны цалин хөлсийг олгоно. Хэрэв ийм зохицуулалт байхгүй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн дараах үндэслэлүүдээр зохицуулж болно.
Нэгдүгээрт, хэрэв тухайн ажилтан хөдөлмөрийн гэрээнд заасан бүтэн цагаар, биечлэн ажиллаж байгаа бол ажилтны цалин хөлсийг ердийн журмаар 100 хувь олгохоор байна.
Хоёрдугаарт, хэрэв тухайн ажилтны ажлын байр зайнаас цахимаар гүйцэтгэж болох боломжтой бол ажил олгогч уг боломжоор нь хангаж, мөн адил ердийн журмаар 100 хувь цалин хөлсийг өгнө.
Гуравдугаарт, тухайн ажлын байр нь зайнаас цахимаар гүйцэтгэх боломжгүй ажил байвал тухайн ажлын байрыг хэвээр хадгалах үүрэгтэй ба Хөдөлмөрийн тухай хуулийн 66.1[1]-т заасны дагуу ажилтанд үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний олговор олгоно.
Түүнчлэн 2020 оны 11-р сарын 11-ны өдөр Нийслэлийн Засаг даргын “Коронавируст /Ковид-19/ цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А/1241 тоот захирамж гарч, уг захирамжаар нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа байгууллага, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, аж ахуйн нэгж, байгууллагын 12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүд /ганц бие эцэг/-д байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр гэрээсээ цахимаар ажиллах боломжийг бүрдүүлж, цалин хөлсийг ажилласанд тооцож олгохыг зөвлөсөн. Гэхдээ 2020 оны 11-р сарын 12-ны өдөр Нийслэлийн Засаг даргын “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/1242 тоот захирамжаар дээрх А/1241 тоот захирамжийг хүчингүй болгосон тул өнөөдрийн байдлаар 12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүд, ганц бие эцэгт урьдын адил ажилласанд тооцон цалин хөлс олгох талаар шийдвэр байхгүй болно.
[1] 66.1.Гамшиг болон аюул үүссэн, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар ажилдаа ирж чадаагүй ажилтанд үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний олговор олгоно.