КОВИД-19 ЦАР ТАХАЛ ГАРСАНТАЙ ХОЛБООТОЙГООР МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС ЭДИЙН ЗАСГИЙГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №183 дугаар тогтоолоор эдийн засгийг дэмжих чиглэлээр дараах 23 арга хэмжээг авахаар шийдвэрлэсэн байна. Үүнд:

1. Иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор 18 хүртэлх насны хүүхэд бүрд сар бүр олгох 100,000 (нэг зуун мянган) төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмж болон нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг олон нийтийн бөөгнөрөл үүсгэхгүйгээр, халдвар, хамгааллын дэглэм, горимыг чанд сахиулсны үндсэн дээр ямар нэгэн хүндрэлгүй, түргэн шуурхай зохион байгуулж олгох;

2. Хуульд заасны дагуу ногдуулж, хугацаанд нь тайлагнасан боловч төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлд тооцох алданги, торгуулиас хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагыг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд чөлөөлөх хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар нэн яаралтай хэлэлцүүлэх;

3. Тухайн төрлийн албан татварын хуульд заасны дагуу ногдуулж, хугацаанд нь тайлагнасан боловч төлөгдөөгүй албан татварт тооцох алданги, торгуулиас аж ахуйн нэгж, байгууллагыг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд чөлөөлөх хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар нэн яаралтай хэлэлцүүлэх;

4. Түрээсийн төлбөрөө бууруулсан нь холбогдох баримтаар тогтоогдож байгаа зах, худалдааны төвийн болон үйлдвэрлэл, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлэгчийн түрээсийн орлогод түрээсийн төлбөр бууруулсан хэмжээгээр аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлтийг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд эдлүүлэх хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар нэн яаралтай хэлэлцүүлэх;

5. Хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор импортлох бүх төрлийн хүнсний будаа, ургамлын тос болон 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад шаардлагатай өвс, мал, амьтны тэжээл, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг импортын барааны гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас, Монгол Улсын нутаг дэвсгэрт боловсруулж дотооддоо борлуулсан хүнсний будаа, ургамлын тос, өвс, мал, амьтны бүх төрлийн тэжээлийг нэмэгдсэн өртгийн албан татвараас 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд тус тус чөлөөлөх хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар нэн яаралтай хэлэлцүүлэх;

6. Хүнсний бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, савлалт, хүргэлт, түгээлт, борлуулалтын үйлчилгээг хэвийн явуулах арга хэмжээг Эрүүл мэндийн яамнаас баталсан халдвар хамгааллын дэглэм, горимыг чанд сахиулсны үндсэн дээр авч хэрэгжүүлж, энэ чиглэлийн аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлэх;

7. Төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийн 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацааны үндсэн болон хүүгийн төлбөрийг зээлдэгчийн хүсэлтэд үндэслэн хойшлуулах, ингэхдээ үлдэгдэл төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр зээлийн гэрээний хугацааг сунгах зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

8. Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэх;

9. Ашигт малтмал, газрын тосны бүтээгдэхүүн экспортлогч аж ахуйн нэгжийг халдвар, хамгааллын онцгой дэглэм, горимд шилжүүлж, нийт ажиллагсдыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, хамгаалах, аюулгүй ажиллагааны нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авах;

10. Монгол, Хятадын хилийн боомтод хэрэгжүүлж буй “Ногоон гарц”-ын үйл ажиллагааг эрчимжүүлж, ашигт малтмал, газрын тосны экспортыг хэвийн, тасралтгүй явуулах саналыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын талд дипломат шугамаар тавьж харилцан тохиролцох;

11. Хилийн боомтуудыг халдвар, хамгааллын онцгой дэглэм, горимд бүрэн хүчин чадлаар ажиллуулах, Тавантолгойн бүлэг орд, Нарийнсухайтын бүлэг орд, Оюутолгойн ордын хүрээнд байгуулагдсан ариутгал, халдваргүйжүүлэлт, хамгаалалтын аюулгүйн бүсийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай уялдуулан Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор тээвэрлэлт хийж байгаа жолооч нарыг шинжилгээнд бүрэн хамруулж, эдгээр боомтыг “Ногоон бүс” болгон зарлаж, тээвэрлэлтийн дараалал үүсгэхгүй байхаар зохион байгуулах;

12. Монгол Улсад ирж байгаа бүх төрлийн шуудан илгээмжийг ариутган халдваргүйжүүлэх арга хэмжээг тухай бүр авч ажиллах;

13. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын оношилгоо, эмчилгээнд хэрэглэх зорилгоор 2021 оныг дуусталх хугацаанд импортлох оношлуур, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис, амны хаалтыг импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх талаарх мэдээллийг олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулах;

14. Татвар төлөгчийн 2020 оны жилийн эцсийн татварын тайлангаар гарсан алдагдлыг татварын дараалсан 4 жилийн хугацаанд Аж ахуйн нэгжийн орлогын татварын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан журмын дагуу хасаж тооцох тухай зохицуулалтыг олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулах;

15. Татвар, гаалийн байгууллагын цахим шинэчлэлийг эрчимжүүлж, гаалийн бүрдүүлэлт хийх, татварын тайлан гаргах, татвар төлөх, иргэдэд үйлчлэх үйл ажиллагааг цахимжуулж, иргэдтэй аль болох зайнаас харьцаж ажиллах;

16. Татвар төлөгчийн хүсэлтээр тухайн татвар төлөгчийн улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн бараа, ажил, үйлчилгээний төлбөрийн авлага, бусад илүү төлөлтийг татварын өрөнд тухай бүр суутган тооцох арга хэмжээ авах;

17. Бизнес эрхлэлтийг дэмжих зорилгоор Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд идэвхжүүлж ажиллах;

18. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ нийлүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэний төлбөрийг түргэн шуурхай барагдуулж ажиллах;

19. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, дотоодын үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг дэмжих зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10, 101 дүгээр зүйлд заасныг баримтлан дотоодын барааг худалдан авах зохион байгуулалтын арга хэмжээг авах;

20. Аж ахуйн нэгжийг тендер шалгаруулалтад оролцох тэгш боломжоор хангах зорилгоор бэлэн байдал зарласан хугацаанд хүлээн авах бүх төрлийн сонгон шалгаруулалтын хугацааг 2020 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хүртэл сунгах;

21. Төсвийн хэмнэлтийн горимыг үргэлжлүүлэн, цалин, тэтгэвэр, нэг удаагийн тэтгэмжээс бусад зарлагыг эрэмбэлэн санхүүжүүлэх арга хэмжээ авах;

22. Салбарын хэмжээнд үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг хэвийн явуулах санал боловсруулан Улсын онцгой комиссын хуралдаанд танилцуулах

23. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөмж, шаардлагыг хэрэгжүүлэх, олон нийтийн сэтгэл зүйг дэмжих, соён гэгээрүүлж, үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх нэвтрүүлэг, контентыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тогтмол сурталчлах, нэвтрүүлэх, хүн хооронд 2 метрийн зай барих, амны хаалт тогтмол зүүлгэх, үйлчлүүлэгч, ажилчдын биеийн халууныг тогтмол үзэх, ариутгах бодисыг байршуулах, ариутгал, халдваргүйжүүлэлтийг өдөр тутам хийх ажлыг зохион байгуулж байх.