БҮХ НИЙТИЙН ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ҮЕД НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ, ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫГ ХЭРХЭН ТООЦОХ ТАЛААР

Аж ахуйн нэгж байгууллага даатгуулагч, сайн дурын даатгуулагч, ажил олгогч тус бүр нь “Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн дагуу 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 5,0 хувиар тооцож, тэтгэврийн даатгалын шимтгэлийг төлнө. Харин эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч тус бүр 2,0 хувиар үргэлжлүүлэн төлөхөөр зохицуулсан. Ийнхүү нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос ажилтан 7 хувь, ажил олгогч 7 хувиар тооцон тус тус төлнө.

Мөн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 7-р зүйлд заасан цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогоос НДШ, ЭМД-ын шимтгэлийг хасаж татвар ногдуулах орлогыг тодорхойлон 10 хувиар тооцон хувь хүний орлогын албан татвар ногдуулахаар байна.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11-р сарын 18-ны өдрийн 183 тоот тогтоолоор хуульд заасны дагуу ногдуулж, хугацаанд нь тайлагнасан боловч төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлд тооцох алданги, торгуулиас, мөн тухайн төрлийн албан татварын хуульд заасны дагуу ногдуулж, хугацаанд нь тайлагнасан боловч төлөгдөөгүй албан татварт тооцох алданги, торгуулиас аж ахуйн нэгж, байгууллагыг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд тус тус чөлөөлөх хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар нэн яаралтай хэлэлцүүлэхийг даалгасан шийдвэр гарсан болно.

Түүнчлэн  татвар төлөгчийн хүсэлтээр тухайн татвар төлөгчийн улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн бараа, ажил, үйлчилгээний төлбөрийн авлага, бусад илүү төлөлтийг татварын өрөнд тухай бүр суутган тооцох арга хэмжээ авахыг Сангийн сайдад зөвшөөрсөн байна. Харин Аж ахуйн нэгжийн орлогын татварын тухай хуулийн 19 дүгээр зүйл болон Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/265 дугаар “Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох, баталгаажуулах” журмын дагуу татвар төлөгчийн 2020 оны жилийн эцсийн татварын тайлангаар гарсан алдагдлыг татварын дараалсан 4 жилийн хугацаанд хасаж тооцохоор зохицуулсан байна.