ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ТӨЛӨӨЛӨН ЗАХИРГААНЫ ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, ...” гэж заасан. Хүн, хуулийн этгээд өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, зөрчигдсөн тохиолдолд маргаантай асуудлаа шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй байна. Харин тухайн этгээдийн өөрийнх нь эрх зөрчигдөөгүй байхад нийтийн эрх ашиг сонирхлыг хамгаалан шүүхэд хандах нь хуулиар хязгаарлагддаг.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу төрийн бус байгууллага нь нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой. Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах төрийн бус байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх;
- дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх.
Дээрх шаардлагыг хангасан төрийн бус байгууллага нь хүрээлэн байгаа орчин (1), хүүхдийн эрх (2), нийтийн эрүүл мэнд (3), нийтийн өмчийг хамгаалах (4) асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргахад захиргааны хэргийн шүүхэд хандах хугацаа буюу тухайн захиргааны байгууллагын үйл ажиллагааг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн хугацаа үйлчилнэ.
Захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нийтийн ашиг сонирхлыг хамгаалуулахаар шүүхэд гаргах нэхэмжлэлд дараах зүйлийг тусгасан байвал зохино. Энэ нь “маргаж байгаа асуудлын талаар хангалттай сонирхол илэрхийлсэн байх бөгөөд нийтийн ямар ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй” гэдгийг нэхэмжлэлдээ тодорхой тусгах явдал юм.
Мөн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан этгээд нь Захиргааны хэрэг үүсгэснээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ бүрэн болон хэсэгчлэн татгалзахыг хориглоно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй талаарх нэхэмжлэлд тухайн захиргааны байгууллагын шийдвэрийг хүчингүй болгуулах, эсвэл илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжтой юм.