“КОВИД-19” ЦАР ТАХАЛ ГЭНЭТИЙН БУЮУ ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ БОЛНО

Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл гэдэг нь гэрээ хэлцэл байгуулах үед буюу гэрээ хэрэгжих хугацаанд хүн төрөлхтний мэдлэг ба боломжийн орчин үеийн түвшинд тодорхойлох болон урьдчилан харах боломжгүй нөхцөл байдал үүссэн, эсхүл тодорхойлох боломжтой ч зайлуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн, талуудын хяналтаас гадуур болсон онцгой ба дийлдэшгүй нөхцөл[1] юм.

   Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлд голчлон байгалийн гамшигт үзэгдэл /зуд, гал түймэр, хуй салхи гэх мэт/, нийгмийн амьдралын зарим нөхцөл байдал /халдварт өвчин, төрийн байгууллагаас хорио цээр тогтоох,/ зэрэг хамаарна.[2]

   Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас Коронавируст халдвар /COVID-19/-ийг цар тахлын хэмжээнд хүрснийг зарласан бөгөөд Монгол улсын хувьд дотооддоо уг халдвар тархаж Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэн бөгөөд энэхүү шийдвэрийн дагуу бүх нийтийн хөл хорио тогтоосон нь дээрх тодорхойлолт ёсоор гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл мөн юм.

   Иргэн, хуулийн этгээд нь гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлд өртсөн тохиолдолд аливаа гэрээний үүрэгтэй холбоотой харилцаанд авах арга хэмжээний хувьд нэн түрүүнд уг гэрээнд гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлсийн талаар хэрхэн тусгасан талаар нягталж үзэж, гэрээнд заасан дараалал, журмын дагуу зохих арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

   Иргэн, хуулийн этгээдүүдийн байгуулсан гэрээтэй холбоотой харилцаанд гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлтэй холбоотой дараах үр дагавар бий болно. Үүнд:

1. Талууд харилцан тохиролцож гэрээнд өөрчлөлт оруулах /гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг түр хойшлуулах гэх мэт/;

2. Хариуцлагаас чөлөөлөгдөх /торгууль, алданги төлөх үүргээс чөлөөлөх/;

3. Хохирлоос чөлөөлөгдөх;

4.Гэрээнээс татгалзах.

   Харин Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлд өртсөн нь гэрээний үндсэн үүрэг биелүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.

   Түүнчлэн Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /цаашид “МҮХАҮТ” гэх/-аас иргэн болон хуулийн этгээдэд гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлтэй тулгарсан, хүнд нөхцөлд орсныг гэрчилж баталгаа буюу гэрчилгээ олгодог бөгөөд ийнхүү гэрчилгээг гаргуулах тухай хүсэлтээ гэрээний аль нэг тал нь МҮХАҮТ-ын нэг цэгийн үйлчилгээний төвөөр дамжуулан Хэрэглэгч үйлчилгээний газарт гаргана.

 



[1] С.Нарангэрэл. Эрх зүйн эх толь бичиг. Уб. 2011., 166 дахь тал.

[2] Мөн тэнд