МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ

  1. Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа малын тоо толгойд албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулна.

 

  1. Малын тоо толгойн албан татварын хууль тогтоомж

 

2.1. Малын тоо толгойн албан татвар /цаашид “албан татвар” гэх/-ын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Татварын ерөнхий хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

 

3.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

 

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.“Мал” гэж Малын генетик нөөцийн тухай хуулийн 4.1.1-д заасныг;

3.1.2.“Малчин” гэж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасныг;

3.1.3. “Мал бүхий этгээд” гэж энэ хуулийн 3.1.2-т зааснаас бусад малыг өмчилж байгаа этгээдийг.

4.Албан татвар төлөгч

4.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа малыг өмчилж буй малчин, мал бүхий этгээд нь албан татвар төлөгч байна.

5. Албан татвар ногдуулах, малын тоо толгойг тодорхойлох

5.1. Албан татвар төлөгчийн өмчилж буй Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа малын тоо толгойд албан татвар ногдуулна.

5.2 Тухайн татварын жилд албан татвар ногдуулах малын тоо толгойг Статистикийн тухай хуульд заасны дагуу хийгдсэн өмнөх жилийн мал тооллогын дүнд үндэслэн тодорхойлно.

5.3. Тухайн татварын жилд албан татвар ногдуулах энэ хуулийн 5.2-т зааснаар тодорхойлсон малын тоо толгой нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4.1.1-д заасан гамшгийн улмаас хорогдсон бол нотлох баримтыг үндэслэн түүнийг албан татвар ногдуулах нийт малын тооноос хасна. 

5.4. Албан татвар ногдуулах, малын тоо толгойг тодорхойлох зорилгоор холбогдох төрийн байгууллага, эрх бүхий этгээд мал тооллого, бүртгэлийн мэдээлэл, Малын генетик нөөцийн тухай хуулийн 5.8-д заасан сангийн мэдээллийг татварын албанд гаргаж өгнө.

6. Албан татварын хэмжээ

6.1.Нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ нь 0-2000 төгрөг байна.

6.2.Албан татварын хэмжээг энэ хуулийн 6.1-д заасан хязгаарт багтаан сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал малын төрөл тус бүрээр тогтооно.

6.3.Малчны амьжиргааг дэмжих зорилгоор малчны өмчилж байгаа малын тоо толгойноос хамааран ногдох албан татварын хэмжээг 0 төгрөг байхаар тогтоож болно.

6.4.Энэ хуулийн 6.3-д заасан малын тоо толгойн тоог сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал малын төрөл тус бүрээр тогтоож болно. 

7. Албан татвар төлөх, тайлагнах

7.1.Албан татвар төлөгч энэ хуулийн дагуу ногдуулсан албан татварыг тэнцүү хоёр хуваан тухайн жилийн 7 дугаар сарын 15, 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор өөрийн өмчилж байгаа малын тоо толгой тоологдож бүртгэгдсэн сум, дүүргийн төсөвт төлнө.

7.2.Албан татвар төлөгч нь албан татварыг урьдчилан төлж болно.

7.3.Албан татвар төлөгч албан татварын тайланг батлагдсан маягтын дагуу бэлтгэж, тухайн татварын жилийн 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор харьяа татварын албанд хүргүүлнэ.

7.4.Энэ хуулийн дагуу албан татвар ногдуулах, төлөх, тайлагнах журам, тайлангийн маягтыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.

8. Хууль хүчин төгөлдөр болох

8.1.Энэ хуулийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

-000-