ШИНЖЭЭЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ, ГЭРЭЭ БАЙГУУЛАХ, ДҮГНЭХ, ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ЧАНАРЫГ ХЯНАХ

  1. Нийтлэг үндэслэл

 

1.1. Үндэсний аудитын газар болон аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газар (цаашид “Төрийн аудитын байгууллага” гэх) нь аудитад оролцуулах шинжээч сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, дүгнэх, гүйцэтгэсэн ажлын чанарыг хянах харилцаанд энэхүү журмыг дагаж мөрдөнө.

1.2. Төрийн аудитын байгууллагын аудитын үйл ажиллагаанд гэрээний үндсэн дээр оролцох шинжээч нь тухайн ажлыг гүйцэтгэх салбар, чиглэлээр мэргэшсэн, ажлын туршлага, хөндлөнгийн болон хараат бус байх шаардлагыг хангасан эрх бүхий хувь хүн, баг, хуулийн этгээд байх бөгөөд санхүүгийн тайлангийн аудит гүйцэтгэх хуулийн этгээд нь Аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан шаардлагыг хангасан байна.

1.3. Энэхүү журам нь Төрийн аудитын тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Аудитын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад эрх зүйн акт болон хавсралтаас бүрдэнэ.

1.4. Төрийн аудитын байгууллага нь аудитад дараах тохиолдолд шинжээчийг гэрээгээр ажиллуулна. Үүнд:

1.4.1. Аудитад тодорхой асуудлаар лабораторийн болон бусад шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулах;

1.4.2.Аудитад бодлогын болон нарийн мэргэжлийн дүгнэлт, зөвлөмж боловсруулах;

1.4.3. Төрийн аудитын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т заасны дагуу санхүүгийн тайлангийн аудитыг гүйцэтгүүлэх;

1.4.4. Төрийн аудитын байгууллагын хүний нөөцийн хүчин чадлаас илүү гарсан ажлыг цаг хугацаанд нь гүйцэтгэх.

1.5. Шинжээчийн сонгон шалгаруулалтыг ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлан зохион байгуулах бөгөөд энэхүү журмын хүрээнд мэдээллийн технологи ашиглан зохион байгуулж болно.

1.6. Сонгон шалгаруулалтад оролцогчийн мэдээлэл, шинжээчийн гүйцэтгэсэн ажлын үнэлгээгээр Төрийн аудитын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т заасан мэдээллийн санг үүсгэх бөгөөд уг санг шинжээч сонгон шалгаруулах үйл ажиллагаанд ашиглаж болно.

1.7. Төрийн аудитын байгууллага нь Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.8, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 211 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасан Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жилийн эцсийн санхүүгийн тайланд хийх аудитыг аудитын хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх тохиолдолд захиалагч байх бөгөөд энэ журмын дагуу сонгон шалгаруулна.

1.8. Санхүүгийн тайлангийн аудит гүйцэтгэсэн аудитын хуулийн этгээдийн ажлын гүйцэтгэлийг хянах, үнэлэх, баталгаажуулахад Төрийн аудитын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д заасан журмыг мөрдөнө.

 

  1. Шинжээчид тавигдах ерөнхий шаардлага болон

сонгон шалгаруулах үйл ажиллагааны төлөвлөлт

 

2.1. Төрийн аудитын байгууллагын бүтцийн нэгж нь тухайн жилд гүйцэтгэх аудитын болон жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулан энэ журмын 1.4.3-т зааснаас бусад шинжээчийг аудитад оролцуулах саналыг төсвийн тооцооллын хамт жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны өдрийн дотор Үндэсний аудитын газрын Тамгын газарт хүргүүлэх бөгөөд Тамгын газар төлөвлөгөө боловсруулан Монгол Улсын Ерөнхий аудитораар 2 дугаар сарын 01-ний өдрийн дотор батлуулна.

2.2. Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудит хариуцсан бүтцийн нэгж тухайн жилд төрийн аудитын байгууллагын хэмжээнд санхүүгийн тайлангийн аудитыг аудитын хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх шалгагдагч байгууллагын жагсаалт, ажлын багц болон холбогдох мэдээллийг жил бүрийн 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор боловсруулан танилцуулж, шалгагдагч байгууллагын болон багцын жагсаалтыг Монгол Улсын Ерөнхий аудитораар батлуулна.

2.3. Ажлын багцыг үүсгэхдээ өмчийн хэлбэр, аудитын цаглабар, эрсдэлийн үнэлгээ, аудитын үйлчилгээний төлбөр, газар зүйн байршил зэргийг харгалзан боловсруулна.

2.4. Үндэсний аудитын газар болон аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газар энэ журмын 2.1, 2.2-т заасан шийдвэрийн дагуу шинжээч сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулна.

2.5. Шинжээчийн ажлын даалгаврыг захиалагч нэгж болон аудитын баг боловсруулан Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч, аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газрын Тэргүүлэх аудитораар батлуулан шинжээч сонгон шалгаруулах нэгж (хариуцсан ажилтан)-д хүргүүлнэ. Үндэсний аудитын газарт ажлын даалгаврын төслийг стратегийн удирдлага болон чанарын баталгаажуулалт хариуцсан нэгжээр хянуулсан байна.

2.6. Аудитын төрөл, хэлбэр, гэрээт ажлын онцлогоос шалтгаалан шинжээчид тавигдах тусгай шаардлагыг ажлын даалгаварт нарийвчлан тусгах бөгөөд дараах нийтлэг шаардлага тавигдана. Үүнд:

2.6.1. Санхүүгийн тайлангийн аудит гүйцэтгэх хуулийн этгээд нь аудитын үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй байх;

2.6.2. Шинжээчээр ажиллах этгээд нь ажлын даалгаварт заасан мэргэжлийн чиглэлээр нарийн мэргэшсэн, эрдмийн зэрэг цолтой, тухайн ажлыг эрхлэх эрх бүхий байх;

2.6.3. Тухайн салбарт ажилласан туршлагатай байх;

2.7. Шинжээчийг ажиллуулах хугацаа нь ажлын даалгаварт заасан ажлыг гүйцэтгүүлэхэд тохирсон байх бөгөөд аудитыг гүйцэтгэх хугацаанаас богино байна.

3. Шинжээч сонгон шалгаруулах

 

3.1. Төсөвт өртөг нь 10 сая төгрөг хүртэлх ажлын шинжээч сонгон шалгаруулалтыг Үндэсний аудитын газар болон аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газрын худалдан авах ажиллагаа хариуцсан бүтцийн нэгж (хариуцсан ажилтан), 10 сая төгрөгөөс дээш төсөвт өртөг бүхий ажлын шинжээчийг энэ журмын 3.2 дахь хэсэгт заасан ажлын хэсэг захиалагч нэгжээс ирүүлсэн ажлын даалгаврыг үндэслэн зохион байгуулна.

3.2. Шинжээч сонгон шалгаруулах ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхий аудитор, аймаг нийслэл дэх Төрийн аудитын газрын тэргүүлэх аудиторын тушаалаар захиалагч нэгжээс 2-оос дээшгүй төлөөлөл оролцуулан сондгой тоо бүхий 5-7 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулна.

3.3. Шинжээч сонгон шалгаруулах ажлын хэсэг нь дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэх бөгөөд ажлын хэсгийн гишүүн нь дараах шаардлага хангасан байна:

3.3.1. Худалдан авах ажиллагаагаар мэргэшсэн байх;

3.3.2. Тухайн салбарын иргэн, хуулийн этгээдтэй сүүлийн 3 жилийн хугацаанд хамаарал бүхий ажил үйлчилгээ эрхлээгүй байх.

3.4. Худалдан авах ажиллагаа хариуцсан бүтцийн нэгж (хариуцсан ажилтан) болон ажлын хэсэг дараах үе шатны дагуу шинжээчийг сонгон шалгаруулна:

3.4.1. Төсөвт өртөг нь 10 сая төгрөг хүртэлх ажлын шинжээч сонгон шалгаруулах:

3.4.1.1. Шинжээч сонгон шалгаруулах тухай урилга (шинжээчид тавигдах шаардлага, ирүүлэх материал, хугацаа, төсөв бүхий)-ыг өдөр тутмын хэвлэл, байгууллагын цахим хуудсаар олон нийтэд мэдээлнэ.

3.4.1.2. Оролцогч нь захиалагчийн зарлал болон урилгад дурдсан шаардлагын дагуу саналаа боловсруулах бөгөөд оролцох хүсэлт хүлээн авах хугацаа зар нийтэлснээс хойш 5 хоног байна. Уг хугацаа дуусмагц хүсэлт ирүүлсэн этгээдийн бүртгэлийг хөтөлж, баримтжуулна.

3.4.1.3. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирүүлсэн этгээдийн материалыг ажлын 5 хоногийн дотор энэхүү журмын Хавсралт 1-т заасан Маягт 3, 7, 8, 9-ийн дагуу үнэлж, дүнг Монгол Улсын Ерөнхий аудитор, аймаг нийслэл дэх Төрийн аудитын газрын тэргүүлэх аудиторт танилцуулна.

 3.4.1.4. Сонгон шалгаруулалтаар “хамгийн сайн” үнэлэгдсэн этгээдэд шалгарсан болон бусад оролцогчид шалгараагүй үндэслэл, бусад шаардлагатай мэдээллийг албан бичгээр адил хугацаанд мэдэгдэнэ.

3.4.1.5. Сонгон шалгаруулалтын дүнг мэдэгдсэнээс хойш Монгол Улсын Ерөнхий аудиторт гомдол гаргах хугацаа ажлын 3 хоног байх бөгөөд ирүүлсэн гомдлыг ажлын 5 хоногт шийдвэрлэж, хариуг хүргүүлнэ. Гомдол гаргах хугацаа өнгөрсөн эсхүл гомдлыг шийдвэрлэж, мэдэгдсэнээс хойш шалгарсан этгээдэд гэрээ байгуулах эрх олгоно.

3.4.2. Төсөвт өртөг нь 10 сая төгрөгөөс дээш ажлын шинжээч сонгон шалгаруулах:

3.4.2.1. Ажлын хэсэг шинжээч сонгон шалгаруулах дэлгэрэнгүй жагсаалтад бүртгэх тухай зар (шинжээчид тавигдах шаардлага, материал ирүүлэх хугацаа, төсөв бүхий)-ыг өдөр тутмын хэвлэл, байгууллагын цахим хуудсаар олон нийтэд мэдээлнэ. Дэлгэрэнгүй жагсаалтад бүртгэх хугацаа зар нийтэлснээс хойш 5 хоног байх бөгөөд хугацаа дуусмагц хүсэлт ирүүлсэн этгээдийн бүртгэлийг хөтөлж, баримтжуулна.

3.4.2.2. Ажлын хэсэг материал ирүүлсэн этгээдийн нэрээр дэлгэрэнгүй жагсаалт үүсгэнэ.

3.4.2.3. Дэлгэрэнгүй жагсаалтад бүртгэгдсэн этгээдийн ирүүлсэн материалыг энэ журмын Хавсралт 1-ийн Маягт 3-ын дагуу 3 хоногийн дотор үнэлж, хураангуй жагсаалтыг үүсгэнэ.

3.4.2.4. Хураангуй жагсаалтад бүртгэгдсэн этгээдэд саналын урилга болон ажлын даалгавар, холбогдох мэдээллийг хүргүүлэх бөгөөд урилга хүлээн авсан этгээд саналаа боловсруулж, 5 хоногийн дотор ирүүлнэ.

3.4.2.5. Урилгын дагуу шинжээчээр ажиллах хүсэлт ирүүлсэн этгээдийн материалыг энэ журмын Хавсралт 1-ийн Маягт 7, 8, 9-ийн дагуу 7 хоногийн дотор үнэлж, дүнг Монгол Улсын Ерөнхий аудитор, аймаг нийслэл дэх Төрийн аудитын газрын тэргүүлэх аудиторт танилцуулна.

3.4.2.6. Сонгон шалгаруулалтаар “хамгийн сайн” үнэлэгдсэн этгээдэд шалгарсан болон бусад оролцогчид шалгараагүй үндэслэл, бусад шаардлагатай мэдээллийг албан бичгээр адил хугацаанд мэдэгдэнэ.

3.4.2.7. Сонгон шалгаруулалтын дүнг мэдэгдсэнээс хойш Монгол Улсын Ерөнхий аудиторт гомдол гаргах хугацаа ажлын 3 хоног байх бөгөөд ирүүлсэн гомдлыг ажлын 5 хоногт шийдвэрлэж, хариуг хүргүүлнэ. Гомдол гаргах хугацаа өнгөрсөн эсхүл гомдлыг шийдвэрлэж мэдэгдсэнээс хойш шалгарсан этгээдэд гэрээ байгуулах эрх олгоно.

 

4. Шинжээчтэй гэрээ байгуулах

 

4.1. Төрийн аудитын байгууллага сонгон шалгаруулалтаар “хамгийн сайн” үнэлэгдсэн этгээдэд гэрээ байгуулах тухай мэдэгдэл хүргүүлж, хэлэлцээр хийсний үндсэн дээр гэрээ байгуулна. Мэдэгдэл хүлээн авсан этгээд гэрээ байгуулахаас татгалзсан тохиолдолд дараагийн этгээдэд мэдэгдэл хүргүүлж гэрээ байгуулна.

4.2. Гэрээг захиалагчийг төлөөлж, Үндэсний аудитын газарт Монгол Улсын Ерөнхий аудитор, аймаг нийслэл дэх Төрийн аудитын газарт тэргүүлэх аудитор батална. Шинжээч болон шалгагдагч этгээдийг эрх бүхий этгээд төлөөлж, гэрээг батална.

4.3. Төрийн аудитын байгууллагаас шаардлагатай тохиолдолд аудитын ажлын зорилго, цар хүрээ, хэмжээ нь зохистой, хангалттай хэмжээнд тусгагдсан эсэхийг шалгаж, шинжээчтэй хэлэлцэн тохиролцож, ажлын даалгаварт нэмэлт тодруулга хийж болох бөгөөд энэ журмын 2.5-д заасан нэгжээр хянуулсан байна.

4.4. Шинжээчээр гүйцэтгүүлэх ажлын даалгавар болон тухайн шинжээчийн ирүүлсэн санал нь гэрээний салшгүй хэсэг байна.

4.5. Төсөвт өртөг нь 50 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий ажил гүйцэтгүүлэх тохиолдолд гүйцэтгэлийн баталгаа шаардах бөгөөд энэ талаар урилгад тусгасан байна.

4.6. Төрийн аудитын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан төлөвлөгөөт бус аудит гүйцэтгэхэд шинжээч оролцуулах шаардлага гарсан болон нууцлал зэргээс хамааран энэ журмын 3.4 дэх хэсгийг баримтлахгүйгээр Монгол Улсын Ерөнхий аудиторын шийдвэрээр шаардлага хангасан этгээдэд санал хүргүүлж, гэрээ байгуулж болно.

4.7. Шинжээч сонгон шалгаруулалт нэг удаа амжилтгүй болсон тохиолдолд Монгол Улсын Ерөнхий аудитор болон аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газрын Тэргүүлэх аудиторын шийдвэрээр шаардлага хангасан этгээдтэй гэрээ байгуулж болно.

5. Шинжээчийн гүйцэтгэсэн ажлын чанарыг хянах

 

5.1. Шинжээчийн ажлын гүйцэтгэл /явц/, тайлан (дүгнэлт) болон ажлын баримтад үе шатны хяналтыг захиалагчийн холбогдох албан тушаалтнууд хэрэгжүүлнэ.

5.2. Шинжээч нь гүйцэтгэж буй ажлын явцын болон эцсийн тайлан, дүгнэлт, ажлын баримтыг аудитын багт цаасан болон цахим хэлбэрээр хүлээлгэн өгч, үе шатны хяналт хийлгэнэ. Шаардлагатай тохиолдолд аудитын баг ажлын гүйцэтгэл, тайлан, дүгнэлтийн талаар дээд шатны албан тушаалтныг оролцуулан танилцуулга, сонсгол зохион байгуулж болно.

5.3. Шинжээч нь аудитын баг болон холбогдох албан тушаалтнаас цаасан болон цахим хэлбэрээр өгсөн санал, зөвлөмжийг хүлээн авч, тавьсан шаардлагыг хэрэгжүүлэх үүрэг хүлээх бөгөөд хүлээн зөвшөөрөгдсөн ажлын гүйцэтгэлийг захиалагчид гэрээнд заасан хугацаанд баталгаажуулж ирүүлнэ.

5.4. Шинжээч нь аудитын багаас өгсөн санал, зөвлөмжийг тогтоосон хугацаанд хэрэгжүүлээгүй эсхүл шинжээчийн ажлын гүйцэтгэл хангалтгүй, ажлын даалгаварт нийцээгүй болох нь нотлогдсон тохиолдолд аудитын багаас гэрээ цуцлах саналыг холбогдох баримтын хамт Монгол Улсын Ерөнхий аудитор, аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газарт Тэргүүлэх аудиторт танилцуулж, шийдвэрлүүлнэ.

5.5. Шинжээч нь гэрээт ажлыг гүйцэтгэхдээ ашиг сонирхлын болон ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд гэрээг цуцална.

5.6. Энэхүү журмын 5.4, 5.5-т заасан нөхцөл үүсэж, гэрээ цуцлагдсан тохиолдолд шинжээч дахин ажиллуулж болох бөгөөд өмнө нь ажилласан шинжээчийг ажиллуулахгүй.

5.7. Шинжээчийн ажлын гүйцэтгэлд хяналт тавих албан тушаалтан нь ажлын гүйцэтгэл хангалттай, шаардлага хангасан тайлан, дүгнэлт, ажлын баримтыг хүлээн авах үүрэгтэй.

5.8. Шаардлагатай тохиолдолд Монгол Улсын Ерөнхий аудиторын шийдвэрээр шинжээчийн гүйцэтгэсэн ажилд чанарын хяналт, магадлал хийлгэж болно.

6. Шинжээчтэй байгуулсан гэрээг дүгнэх

6.1. Захиалагч нэгж, аудитын баг шинжээчийн ажлын гүйцэтгэлийг энэ журмын Хавсралт 2-т заасан маягтын дагуу дүгнэж, үнэлгээ өгөх бөгөөд шинжээчид танилцуулж, баримтжуулсан байна.

6.2. Шинжээчийн ажлын гүйцэтгэлийг нийт “100 оноо”-оор дүгнэх бөгөөд онооны үзүүлэлтээс хамаарч, дараах үнэлгээ өгөгдөнө.

6.2.1. 86-100 хүртэл оноо “Хангалттай”

6.2.2. 71-85 хүртэл оноо “Сайжруулах шаардлагатай”

6.2.3. 0-70 хүртэл оноо “Хангалтгүй”

6.3. Захиалагч нэгж шинжээчийн ажлын гүйцэтгэлийг үнэлж, гэрээг дүгнэсэн акт үйлдэн, тайлан, дүгнэлтийн хамт Үндэсний аудитын газрын Тамгын газар, аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газрын Тэргүүлэх аудиторт тухай бүр хүргүүлэх бөгөөд гүйцэтгэлийн үнэлгээнээс хамаарч, гэрээнд заасны дагуу ажлын хөлсийг олгоно.

6.4. Шинжээч ажлын гүйцэтгэлийн үнэлгээ болон гэрээ дүгнэх актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд Монгол Улсын Ерөнхий аудиторт гомдол гаргах бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлүүлнэ.

7. Бусад

 

7.1. Шинжээчийн гэрээт ажил нь “Хангалтгүй” үнэлэгдсэн, энэ журмын 5.4-д заасны дагуу гэрээ цуцлагдсан тохиолдолд Төрийн аудитын байгууллагаас 3 жилийн хугацаанд хамтран ажиллахгүй.

7.2. Шинжээч нь ёс зүйн зөрчил гаргасан, хараат бус байдлыг хангаж ажиллаагүй, төрийн болон албаны, хувь хүн, байгууллагын нууцыг задруулсан нь тогтоогдсон тохиолдолд төрийн аудитын байгууллагаас 5 жилийн хугацаанд хамтран ажиллахгүй бөгөөд тухайн асуудлыг шийдвэрлүүлэхээр эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүсэлт гаргана.

7.3. Шинжээчийн сонгон шалгаруулалтыг энэ журмын дагуу зохион байгуулаагүй, ажлын гүйцэтгэлийг үндэслэлгүйгээр буруу үнэлсэн болон шинжээчийн шаардлага хангаагүй тайлан, дүгнэлт, ажлын баримт хүлээн авсан нь тогтоогдвол холбогдох албан тушаалтанд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

- - - о о 0 о о - - -