НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 4 сарын 29-ний өдөр баталсан “Коронавируст халдвар (Ковиде=-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн 7.1.15-д “цар тахлын болон нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг авахад шаардлагатай хүнсний болон бусад нөөцтэй байх ба нөөцийн жагсаалтыг баталж, түүнийг бүрдүүлэхтэй холбоотой зардлыг шийдвэрлэх” гэж заажээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэхүү цар тахал үргэлжилж, үргэлжлэх хугацаа, үр дагаврын хувьд нөхцөл байдлыг урьдчилан таамаглах боломжгүй байгааг мэдэгдсээр байгаа өнөө үед улс орнууд хөл хорио тогтоох, хилээ хаах, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих зэрэг арга хэмжээг шат дараалах авсаар байна. Иймд байгаль, цаг уурын онцлогоос хамааран дотоодын үйлдвэрлэл хязгаарлагдмал, импортын хэт хамааралтай хүнсний гол нэрийн зарим бүтээгдэхүүний импортыг түр хугацаанд дэмжих цаг үеийн шаардлага тулгарч байгаа болно.
2020-2021 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэлд үндэслэн нийт нутгаар тооцоолон гаргасан байна. Зүүн бүсээс бусад аймагт хадлангийн гарц муудсан тул өвөлжилт, хаваржилтад шаардагдах өвсийг зүүн аймгуудад бэлтгэж байсан. Гэвч бүх нутгаар их хэмжээний бороо орсны улмаас хадлан бэлтгэл оройтож, өвс, тэжээлийн нийлүүлэлтийн хомстол үүсэх, үнэ өсөх нөхцөлийг бий болгосон байна.
Иймд Ковид-19 халдварт цар тахлын нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа, ургамлын тос, 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад шаардагдах өвс, бүх төрлийн малын тэжээл, тэжээлийн үр, хүнсний улаанбудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг тус тус нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлж, уг хуулийн төслийг батлагдсан өдрөөс 2021 оны 5 сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэгжүүлэх саналыг боловсруулсан байна.
Хуулийн төсөлд дараах асуудлыг тусгасан. Үүнд:
- Цар тахлын урьдчилан төсөөлөх боломжгүй нөхцөлд хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа (цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад), ургамлын тосыг болон 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад шаардагдах малын тэжээл, өвс, бүх төрлийн тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг тус тус импортлоход нэмэгдсэн өртгийн албан татвараас, дотоодод үйлдвэрлэсэн ургамлын тос, бүх төрлийн хүнсний будааг (цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад)
- Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх бүх төрлийн хүнсний будаа (цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа болон бусад), ургамлын тос, малын тэжээл, өвс, бүх төрлийн тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосны жагсаалтыг Засгийн газар батлахаар
Тус хуулийн төсөл батлагдсанаар хуулийн үйлчлэх хугацаанд дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжгүй импортын гол нэрийн хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хадгалж, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ.
Эх сурвалж: http://forum.parliament.mn/projects/10970