КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ЫН ЦАР ТАХЛЫН ҮЕД АЙЛ ӨРХ, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр №211 дүгээр тогтоолоор дараах зүйлсийг баталлаа.

1. Айл өрхийн болон дор дурдсанаас бусад аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур хэрэглэсний төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр болон энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс тооцож 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд төрөөс хариуцан төлөх арга хэмжээг зохих журмын дагуу авч хэрэгжүүлэх;

     1.1. төсөвт байгууллага;

     1.2. төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээд;

     1.3. Уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр;

     1.4. банк, банк бус санхүүгийн байгууллага;

     1.5. криптовалюттай холбогдох үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд, хувь хүн;

     1.6. газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч;

    1.7. интернет, үүрэн холбооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч;

    1.8. согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч;

    1.9. өнгөт металл болон хар төмөрлөг, цементийн үйлдвэр.

2. Дээр заасан айл өрхийн орон сууцны 100 метр квадрат хүртэл талбайд ногдох дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрийг төрөөс хариуцан төлөх;

3. Цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур, цэвэр, бохир усны эх үүсвэр болон шугам сүлжээ, түгээлтийн техникийн хүчин чадлын боломжит хэмжээтэй уялдуулан үйлчилгээний төлбөр, хураамжийг төрөөс хариуцан төлөх хэрэглээг өмнөх оны мөн үеийн хэрэглээтэй жишиж, энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг одоо мөрдөгдөж байгаа батлагдсан тарифт хэмжээнээс хэтрүүлэхгүй байхаар тус тус тооцох;

4. Цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур, ус хангамж, ариутгах татуурга, хог хаягдлын үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг хэмнэлтийн горимд ажиллуулж, үр ашгийг дээшлүүлэх, халдвар, хамгааллын онцгой дэглэмийг чанд баримтлах, халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангаж ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах;

5. Төрийн байгууллагын цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус, хог хаягдлын үйлчилгээний төлбөр, хураамжийн зардлыг төлөвлөсөн хэмжээнээс бууруулахгүй, өөр зардалд шилжүүлэхгүйгээр цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур, ус хангамж, ариутгах татуурга, хог хаягдлын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагад шууд шилжүүлж байх;

Сайжруулсан шахмал түлшний талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 200 дугаар тогтоолын 1 дэх заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулав:

6. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын улмаас Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан нийслэлийн гэр хорооллын иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор сайжруулсан шахмал түлшний нэг тонн тутмын үнийг 2020 оны 12 дугаар сарын 3-ны өдрөөс 50, 12 дугаар сарын 14-ний өдрөөс 25, нийт 75 хувиар хөнгөлөх арга хэмжээг авах.