БҮХ ШАТНЫ СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ СУРАЛЦАГЧИЙН ОНЦЛОГТ ТОХИРОХ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН, СУРГАЛТЫН ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭХ ЖУРМЫН ТУХАЙ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Бүх шатны сургалтын байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн онцлогт тохирох хэрэглэгдэхүүн, сургалтын орчныг бүрдүүлэх журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална” гэж заасны дагуу Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр А/184 тушаалын хавсралтаар “Бүх шатны сургалтын байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн онцлогт тохирох хэрэглэгдэхүүн, сургалтын орчныг бүрдүүлэх журам”-ыг баталсан байна.
Уг журмаар өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, коллеж, их, дээд сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, суралцагчийн хэрэгцээнд нийцсэн тохирох хэрэглэгдэхүүн бүхий сургалтын орчин бүрдүүлэх ажлыг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулжээ.
Энэхүү журам хэрэгжиж эхэлснээр аливаа сургалтын байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийг бусдын адил суралцах боломжоор хангах, хөгжлийн бэрхшээлтэй суралцагч суралцахад түүний хэрэгцээнд тохируулж сургалтын орчин бүрдүүлэх стандарт шаардлагыг заавал хангаж ажиллах тус шаардлагыг хангаж ажиллахад сургалтын байгууллагын зүгээс байгууллагын түвшинд шийдвэрлэх боломжгүй тохирох хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжийн судалгааг аймаг, нийслэлийн боловсролын газарт хүргүүлж, уг судалгаанд үндэслэн Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага жил бүрийн төсөвт тусган хэрэгжүүлж шийдвэрлэх боломжтой болох юм.
Харин Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлог хэрэгцээнд тохирсон тусгай хэрэглээний протез, ортопед, ариун цэвэр-эрүүл ахуйн материал, асаргаа сувилгааны болон бусад туслах хэрэгслээр хангах асуудлыг уг журмаар зохицуулаагүй болно.
Уг журам нь 6 зүйл, 19 хэсэгтэй бөгөөд хэрэгжих хугацааны хувьд 2021 оноос эхлэн дагаж мөрдөхөөр заасан байна.
Эх сурвалж: https://www.legalinfo.mn/annex/details/11424?lawid=15810