“БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН АКТИВЫГ АНГИЛАХ, АКТИВЫН ЭРСДЭЛИЙН САН БАЙГУУЛЖ, ЗАРЦУУЛАХ ЖУРАМ”-ЫН ТАНИЛЦУУЛГА
Санхүүгийн зохицуулах хорооны 2020-12-09-ний өдрийн 998 дугаар тогтоолоор “Банк бус санхүүгийн байгууллагын активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-ыг баталсан байна. Уг тогтоолоор Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Сангийн сайдын 2015 оны 144/125 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Банк бус санхүүгийн байгууллагын активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-ыг хүчингүй болгосон.
Мөн энэхүү журмыг 2021 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг банк бус санхүүгийн байгууллагын гүйцэтгэх удирдлагуудад үүрэг болгожээ.
Банк бус санхүүгийн байгууллагын активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам нийт 4 бүлэг, 31 зүйлтэй байна. Банк бус санхүүгийн байгууллага (цаашид ББСБ гэх) нь зээл, факторинг, үнэт цаас (монголбанкны үнэт цаас), өмчлөх бусад хөрөнгө, авлагыг ангилах, тэдгээрт учирч болзошгүй алдагдлаас хамгаалах эрсдэлийн санг байгуулж, зарцуулахад энэхүү журмыг мөрдөнө.
Журмын зохицуулалтыг дэлгэрэнгүй байдлаар танилцуулбал:
Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл
ББСБ-ын зээлд байгуулсан эрсдэлийн сангийн зардлыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.11[1]-т заасны дагуу албан татвар ногдох орлогоос хасаж тооцох бөгөөд факторинг, үнэт цаас, өмчлөх бусад хөрөнгө, авлагын ангилалд байгуулсан эрсдэлийн сангийн зардал нь албан татвар ногдох орлогоос хасаж тооцох зардалд хамаарахгүй байхаар зохицуулжээ.
ББСБ нь зээл, факторинг, үнэт цаас, өмчлөх бусад хөрөнгө, авлагыг журмын хавсралтад заасан хугацааны үзүүлэлтээр тооцон ангилж, эрсдэлийн санг байгуулна. ББСБ нь дотооддоо хийсэн активын эрсдэлийн үнэлгээ, дүгнэлт, тэдгээртэй холбогдох нотлох баримтад үндэслэн тухайн активын ангиллыг бууруулж болно.
Мөн ББСБ нь өөрийн үйл ажиллагааны онцлог, цар хүрээ, давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр санхүүгийн салбарт гарсан томоохон өөрчлөлт, эрсдэлийн ерөнхий түвшинд суурилан эрсдэлийн сангийн хувь хэмжээг Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон доод шаардлагаас багагүй хувь хэмжээгээр өөрчлөн тогтоож болно. Эрсдэлийн санг зориулалтын бусаар зарцуулахыг хориглоно. Энэхүү журамд зээл, факторинг, үнэт цаас, өмчлөх бусад хөрөнгө, авлага хэлбэрээр үүссэн хөрөнгө буюу актив, активыг ББСБ-д төлж барагдуулах үүрэг хүлээсэн этгээд буюу төлбөр хариуцагч байхаар заажээ.
Хоёрдугаар бүлэг. Активыг ангилах, ангилал буурсан активыг ангиллыг дээшлүүлэх
ББСБ нь активыг дор дурдсан байдлаар тухай бүр ангилна:
1. Хэвийн
2. Анхаарал хандуулах;
3. Чанаргүй, үүнээс:
а. хэвийн бус;
б. эргэлзээтэй;
в. муу.
Журмын энэ хэсэгт ангилал тус бүрийн шалгуурыг тодорхойлсон бөгөөд ангиллыг бууруулах эсвэл дээшлүүлэх тусгайлан заажээ.
Гуравдугаар бүлэг. Активын эрсдэлийн санг байгуулах, зарцуулах
Активын ангилалд эрсдэлийн санг актив тус бүрийн үлдэгдэл дүнгээс дор заасан хувь хэмжээгээр байгуулна. Үүнд:
1. Хэвийн ангилалд 0%;
2. анхаарал хандуулах ангилалд 5%;
3. Чанаргүй, үүнд:
а. хэвийн бус ангилалд 25%;
б. эргэлзээтэй ангилалд 50%;
в. муу ангилалд 100%.
Активын эрсдэлийн санг тухайн сарын сүүлийн ажлын өдөр байгуулна.
Мөн энэ хэсэгт активыг ангилж сан байгуулахдаа баримтлах зарчмыг тодорхойлсон бөгөөд активыг холбогдох сангаас хорогдуулах нөхцөлийг тодорхойлжээ.
Дөрөвдүгээр бүлэг. Хяналт, хариуцлага
ББСБ-ын удирдлага нь актив хөрөнгийн эрсдэлийг хянаж, удирдах зохистой механизмыг бүрдүүлж ажиллах үүрэгтэй.
Санхүүгийн зохицуулах хороо нь тухайн - удирдлага активын эрсдэлийг хэрхэн үнэлж, дүгнэн ангилж, учирч болзошгүй эрсдэлээс хамгаалах талаар авч байгаа арга хэмжээ нь зохистой эсэх, ангиллыг үнэн зөв хийж байгаа эсэх, эрсдэлийн санг бүрэн байгуулж байгаа байдлыг газар дээр нь шалгаж, зайнаас хяналт тавина.
Санхүүгийн зохицуулах хороо нь ББСБ-ын үйл ажиллагаанд хийсэн газар дээрх шалгалтаар активыг энэ журмын дагуу ангилаагүй, холбогдох санг тогтоосон хувь хэмжээгээр байгуулаагүй, зориулалтын бусаар зарцуулсан нь нотлогдсон тохиолдолд буруутай этгээдэд хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэхээр тус тус заажээ.
---o0o---
[1] Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.11-д “банк, банк бус санхүүгийн байгууллагын зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах санд төвлөрүүлсэн хөрөнгийг албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцож болно.”