ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛ ЯМАР ШАТАНД ЯВАГДАЖ БАЙГАА ВЭ?
/өргөн мэдүүлсэн өдөр: 2018-03-26/
Хөдөлмөрийн тухай хууль 1999 онд шинэчлэгдэн батлагдаж, хүчин төгөлдөр болсноос хойш нийт 24 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд анх удаагаа шинэчилсэн найруулгаар хэлэлцэж байгаа юм. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал, зарчмыг хөндөхгүйгээр хуулийн төсөлд тусгагдсан зохицуулалтыг хэрэглэхэд хялбар, тодорхой болгож, бүтэц, найруулгын хувьд сайжруулах чиглэл баримталсан байна.
2021 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэгт хуулийн төслийг танилцуулж дараах саналыг хэлэлцэж, хуулийн төсөлд нэмж тусгасан. Үүний зарим онцлог зохицуулалтуудыг дурдвал:
1. Жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаа ажилтнууд болон албан бус салбарт ажиллаж байгаа ажилтны цалин хөлс, ажил амралтын цаг зэрэг хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг хуулиар зохицуулж, тэдний эвлэлдэн нэгдэх, ялгаварлан гадуурхахаас ангид байх, ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас ангид байх зэрэг суурь эрхийг хамгаалахаар төсөлд тусгасан. Түүнчлэн албадан хөдөлмөрт ямар ойлголт хамаарах талаар нарийвчлан зохицуулсан.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн төсөлд ажил олгогч болон ажилтны хооронд үүсэх харилцааг “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа” гзж, үйлдвэрчний эвлэл ба ажил олгогчид, төрийн байгууллагын хооронд үүсэх харилцааг “Хөдөлмөрийн хамтын харилцаа” гэж, хөдөлмөрийн хамтын болон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг нийтэд нь багтаасан ойлголтыг “Хөдөлмөрийн харилцаа” гэж тодорхойлон Хууль тогтоомжийн хэрэглээг сайжруулах, нэр томьёог нэг мөр болгов.
3. Хөдөлмөрийн харилцааны зарчимд “нийгмийн түншлэлийг хангах”, “хөдөлмөрлөх эрх чөлөөг баталгаажуулах” гэсэн зарчмыг нэмж тусгалаа. Хөдөлмөрийн гэрээ, хамтын гэрээ, хэлэлцээр байгуулж, хэрэгжүүлэх явцад хөдөлмөрийн харилцааны үндсэн зарчмуудыг ажил олгогч, ажилтан, тэдний төлөөлөгчид баримтлах нөхцөлийг хуулийн хүрээнд бүрдүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.
4. Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ гэсэн шинэ нэр томьёо оруулж, үүний бүрэлдэхүүнээс хамтын гэрээ, салбарын хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээг гаргаж, аж ахуйн нэгж, байгууллагын түвшинд хөдөлмөрийн болон түүнтэй холбогдох бусад харилцааны асуудлаар хууль тогтоомжид нийцүүлэн ажил олгогчоос бичгээр гаргасан дүрэм, журмыг ойлгохоор заасан.
5. Ажил олгогчоос хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үүсгэхэд ажилтнаас түүний мэдээлэлтэй холбоотой олон бичиг баримтыг шаардахгүй, тухайн ажил үүрэгтэй холбоотойгоор иргэний үнэмлэх, гадаад паспортыг мөн хураан авахыг хориглосон байна.
6. Олон улсын хэм хэмжээнд нийцүүлэн 7 хоногт 16 цагаас ихгүй цаг илүү цагаар ажиллуулж болохоор тусгасан байна.
7. Ээлжийн амралтын үндсэн хугацааг ажлын 20 өдрөөр тогтоосон байна.
8. Ажилтанд түүний цалин хөлс, хуулийн дагуу хийсэн суутгал зэрэг цалин хөлсний талаар мэдээллийг сар бүр бичгээр өгч байхаар ажил олгогчид үүрэг болголоо.
9. Ажилтан хөдөлмөрийн чадвараа 30 хүртэлх хувь алдсан тохиолдолд ажилтанд нэг удаа нөхөн төлбөр олгох асуудлыг хуулийн төсөлд тусгасан байна.
Ийнхүү хуралдааны төгсгөлд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл -ийн хамт өргөн мэдүүлсэн Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэх мэт хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцэн, гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол болон Ажлын хэсгээс бэлтгэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулсан байна
Ийнхүү Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг хийж дууссан байна.