ХҮҮХДЭЭ АСАРЧ БАЙГАА ЭЦЭГ, ЭХЭД ХҮЙСЭЭС ШАЛТГААЛСАН ЯЛГАМЖТАЙ БАЙДЛЫГ БИЙ БОЛГОСОН ГЭЖ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ҮЗЛЭЭ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021-01-20-ны өдрийн дунд суудлын хуралдаанаас Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11 дэх заалт, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж, 01 дүгээр дүгнэлт гаргалаа.

     Тус дүгнэлтээр  Эх,  олон  хүүхэдтэй  өрх  толгойлсон  эх,  эцэгт  тэтгэмж  олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь ... 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх ...-т тэтгэмж олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “хүүхдээ асарч байгаа” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасан хүүхэд асрах чөлөөтэй болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.3-т заасан ажилгүй эх 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгааг;”, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх сар бүр хүүхэд асарсны тэтгэмж авах эрхтэй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль ...-ийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... хүйс ...-ээр нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...”, Арван зургадугаар зүйлийн 11 дэх заалтын “улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй. ...” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзсэн байна.

Тодруулбал, уг хуулиар 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа зөвхөн төрүүлсэн эхэд хүүхэд асарсны тэтгэмж олгохоор хуульчилсан нь агуулгын хувьд ижил нөхцөлд хүүхдээ асарч байгаа эцэг дээрх тэтгэмж авах боломжийг хязгаарлаж, хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд хүйсээс шалтгаалсан ялгамжтай байдлыг бий болгосон гэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэц үзлээ.

 

Эх сурвалж: https://www.conscourt.gov.mn/?p=6051