“ОЮУНЫ ӨМЧИЙН ЗУУЧЛАГЧИЙГ БҮРТГЭХ ЖУРАМ”-ЫН ТАНИЛЦУУЛГА
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/18 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Оюуны өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 18.3 дах хэсгийг тус тус үндэслэн Оюуны өмчийн зуучлагчийг бүртгэх журам, гэрээний загварыг баталсан. Энэхүү тушаалаар “Оюуны өмчийн зуучлагчийг бүртгэх журам”-ыг нэгдүгээр, “Оюуны өмчийн зуучлагчтай хамтран ажиллах гэрээний загвар”-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсан байна.
Нэгдүгээр хавсралтаар батлагдсан журмын зохицуулалтыг дэлгэрэнгүй байдлаар танилцуулбал:
ОЮУНЫ ӨМЧИЙН ЗУУЧЛАГЧИЙГ БҮРТГЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэ журмын зорилго нь оюуны өмчийн зуучлагч /цаашид “зуучлагч” гэх/-д тавигдах шаардлага, түүнийг бүртгэх, гэрээ байгуулахтай холбогдох харилцааг зохицуулна.
1.2.Оюуны өмчийн зуучлал нь зохиогч, зохиогчийн эрхэд хамаарах эрхийн бүтээл /объект/, аж үйлдвэрийн өмчийн эрх эзэмшигчийг үйлдвэрлэгчтэй холбон, тухайн эрхийг эдийн засгийн эргэлтэд оруулах, арилжих үйл ажиллагааг дэмжих, өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа байна.
1.2.Оюуны өмчийн зуучлалын үйл ажиллагааг оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид “оюуны өмчийн байгууллага” гэх/-д бүртгэгдсэн хуулийн этгээд эрхлэх бөгөөд гэрээ байгуулан ажиллана.
Хоёр.Зуучлагчид тавигдах шаардлага
2.1.Зуучлагч нь дараах шаардлагыг хангасан байна:
2.1.1.улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн хуулийн этгээд байх;
2.1.2.оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр 2-оос доошгүй жил ажилласан хуульч, инженер, нягтлан бодогч, брокертой байх;
2.1.3.өөрийн, эсхүл түрээсийн ажлын байр, техник, тоног төхөөрөмж, програм хангамжтай байх;
2.1.4.зуучлалын үйл ажиллагаа явуулах дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагын хөтөлбөртэй байх.
Гурав.Зуучлагчийг бүртгэх, гэрээ байгуулах
3.1.Зуучлалын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд оюуны өмчийн байгууллагад бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
3.1.1.улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
3.1.2.үйл ажиллагааны талаарх сүүлийн 3 жилийн төлөвлөгөө, тайлан;
3.1.3.ажлын байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, эсхүл түрээсийн гэрээний хуулбар, техник, тоног төхөөрөмжийн болон мэдээллийн сангийн талаарх танилцуулга;
3.1.4.эрх бүхий албан тушаалтан болон мэргэжлийн боловсон хүчний тодорхойлолт, мэргэжлийн диплом, нийгмийн даатгалын төлбөр төлсөн лавлагаа;
3.1.5.энэ журмын 2.1.4-т заасан хөтөлбөр.
3.2.Энэ журмын 3.1-д заасан баримт бичгийн талаар тодруулга, нэмэлт баримт бичгийг оюуны өмчийн байгууллагаас шаардаж болно.
3.3.Зуучлалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүссэн хуулийн этгээдийн ирүүлсэн хүсэлт, баримт бичгийг хянаж, зөвшөөрөл олгох, гэрээ байгуулах эсэх талаар оюуны өмчийн байгууллагын холбогдох нэгжийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг /цаашид “Ажлын хэсэг” гэх/ санал, дүгнэлт гаргах бөгөөд Ажлын хэсгийг оюуны өмчийн байгууллагын даргын тушаалаар байгуулна.
3.4.Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн оюуны өмчийн байгууллагын даргын тушаалаар зуучлалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоно.
3.5.Ажлын хэсэг зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэхийг хүссэн хуулийн этгээдийн хүсэлт, энэ журмын 3.1-д заасан баримт бичгийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор холбогдох санал, дүгнэлтийг гарган, шийдвэрлэнэ.
3.6.Ажлын хэсэг энэ журмын 3.5-д заасан хугацааг 30 хүртэлх хоногоор сунгаж болно.
3.7.Оюуны өмчийн байгууллага энэ журмын 3.4-т заасан шийдвэрийг үндэслэн гэрчилгээг олгож, зуучлагчтай гэрээ байгуулна.
3.8.Гэрээг гурван жилийн хугацаатай байгуулж, жил бүрийн 12 дугаар сарын 30-ны дотор гэрээг дүгнэх бөгөөд холбогдох үйл ажиллагааны тайлан, мэдээг улирал бүр оюуны өмчийн байгууллагад ирүүлж байна.
3.9.Ажлын хэсэг нь дараах үндэслэлээр зөвшөөрөл олгохоос татгалзах тухай санал, дүгнэлт гаргана:
3.9.1.энэ журмын 2.1-д заасан шаардлагыг хангаагүй;
3.9.2.ирүүлсэн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон.
3.10.Энэ журмын 3.9-д заасны дагуу татгалзсан тохиолдолд оюуны өмчийн байгууллагаас татгалзсан үндэслэл бүхий тайлбарыг хүсэлт гаргагчид албан бичгээр мэдэгдэнэ.
3.11.Энэ журмын 3.9.2-т заасан үндэслэлээр татгалзсан бол энэ зүйлийн 3.10-т заасан албан бичиг хүргүүлсэн өдрөөс хойш тухайн өргөдөл гаргагч хуулийн этгээдээс зөвшөөрөл хүссэн өргөдлийг 1 жилийн дотор дахин хүлээн авахгүй.
3.12.Ажлын хэсэг нь дараах үндэслэлээр зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай санал, дүгнэлт гаргана:
3.12.1.үйлчлүүлэгч болон нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан талаар анхан шатны шүүхийн шийдвэр гарсан;
3.12.2.гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй;
3.12.3.зөвшөөрөл олгож, гэрээ байгуулснаас хойш 1 жилийн дотор үйл ажиллагаагаа эхлээгүй, эсхүл үйл ажиллагаагаа зогсоосон;
3.12.4.тайлан, мэдээг 2 улирал дараалан ирүүлээгүй;
3.12.5.хууль, гэрээнд заасан бусад үндэслэл.
3.13.Ажлын хэсэг дараах үндэслэлээр зөвшөөрлийг хүчингүй болгох тухай санал, дүгнэлт гаргана:
3.13.1.зуучлалын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд хүсэлт гаргасан;
3.13.2.хуулийн этгээд татан буугдсан;
3.13.3.хуурамч баримт бичиг бүрдүүлэн зөвшөөрөл авсан нь тогтоогдсон;
3.13.4.гэрээ, зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг 2 буюу түүнээс дээш зөрчсөн;
3.13.5.зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй;
3.13.6.тайлан, мэдээг 2 улирал дараалан ирүүлээгүй.
3.14.Энэ журмын 3.12, 3.13-т заасан үндэслэлээр түдгэлзүүлэх, хүчингүй болгох тухай Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн оюуны өмчийн байгууллагын дарга тушаал гаргах бөгөөд үндэслэлийг тодорхой заасан мэдэгдлийг хуулийн этгээдэд албан бичгээр хүргүүлнэ.
3.15.Хуулийн этгээд энэ журмын 3.14-т заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор хариу тайлбарыг бичгээр ирүүлэх бөгөөд тайлбарт дурдсан асуудлаар Ажлын хэсэг дахин дүгнэлт гаргаж, оюуны өмчийн байгууллага 14 хоногийн дотор хариу өгнө.
3.16.Энэ журмын 3.15-т заасан хариу тайлбар ирүүлээгүй тохиолдолд зөвшөөрлийг түдгэлзүүлж, хүчингүй болгож, гэрээг цуцална.
Дөрөв. Бусад
4.1.Оюуны өмчийн байгууллага зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийн нэгдсэн бүртгэл бүрдүүлэн, баяжилт хийн, тухай бүр нийтэд мэдээлэх, зуучлагчдад сургалт, мэдээлэл хийх, мэдээлэл харилцан солилцох арга хэмжээг зохион байгуулна.
Эх сурвалж: https://www.legalinfo.mn/annex/details/11554?lawid=16019