ЕВРОПЫН ХОЛБООНООС БАТАЛСАН “ХҮНИЙ ЭРХИЙН НОЦТОЙ ЗӨРЧИЛ, ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ АВАХ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ”-НИЙ ТАНИЛЦУУЛГА

Европын холбооноос 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдөр анх удаа дэлхийн хэмжээнд хүний ​​эрхийн ноцтой зөрчлийн эсрэг авах хориг арга хэмжээний тухай тогтоол, журмыг баталжээ. Энэхүү арга хэмжээ нь дэлхий дахинд хүний эрхийн ноцтой зөрчил хаана учирснаас үл хамааран түүнд оролцсон, хамтран ажилласан бүхий л хувь хүн, хуулийн этгээд, төрийн болон төрийн бус байгууллагын оролцогчидод хамаарах юм.

Энэ арга хэмжээгээр хүний эрхийг ноцтой зөрчсөн албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээдийн Европт зорчих эрхийг хязгаарлах, хувь хүн, хуулийн этгээдийн хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг царцаах үр дагавартай. Түүнчлэн Европын холбооны иргэд, хуулийн этгээд Европын холбооноос гаргасан жагсаалтад орсон хувь хүн, хуулийн этгээдэд, төрийн болон төрийн бус бусад оролцогчдод шууд болон шууд бус хэлбэрээр хөрөнгө оруулахыг хориглоно.

Хүний эрхийн ноцтой зөрчилд дараах тохиолдлууд хамаар байгаа юм. Үүнд: Геноцид буюу төрлөөр устгах, Хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, Хүний эрхийн ноцтой бусад зөрчлүүд (эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандах, боолчлох, шүүхээс гадуур дур мэдэн цаазаар авах, хүчээр алга болгох, дур мэдэн баривчлах, цагдан хорих) хамаарах юм.

Түүнчлэн зөвхөн дээрх тохиолдлуудаар хязгаарлагдахгүй өргөн цар хүрээ бүхий зохион байгуулалтын шинжтэй зөрчил эсхүл Европын холбооны олон улсын гэрээний 21-р зүйлд заасан гадаад бодлого, аюулгүй байдлын нийтлэг зорилтуудын хувьд ноцтой гэж тооцогдох тохиолдлууд хамаарна. Үүнд: Хүнийг наймаалах, шилжин суурьшигчдыг хууль бусаар газраар, далайгаар болон агаараар нэвтрүүлэхтэй холбоотойгоор хүний эрхийг зөрчих; Бэлгийн болон жендэрт суурилсан хүчирхийлэл; Тайван цугларах, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг зөрчих; Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг зөрчих; Шашин шүтэх, итгэл үнэмшилтэй байх эрх чөлөөг зөрчих; зөрчлүүд мөн тооцогдох юм.

Энэхүү шийдвэр нь 2023 оны 12 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл хэрэгжинэ. Тус арга хэмжээний 2 болон 3 дугаар зүйлд заасны дагуу хувь хүн, хуулийн этгээд, аж ахуйн нэгж, байгууллагын хувьд авах арга хэмжээ нь 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл хэрэгжинэ.

Албан ёсны шийдвэр: https://eur-lex.europa.eu/legal-content/EN/TXT/?uri=OJ:L:2020:410I:TOC

Монгол хэл дээрх албан бус орчуулга: http://nli.gov.mn/pdf/eu_unofficial_translation_.pdf