МӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Баялаг бүтээгч хувийн хэвшлийг дэмжсэн Арилжааны багц хууль боловсруулахаар тусгасан бөгөөд уг зорилтын хүрээнд Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулсан байна.

Хуулийн төсөлд зарчмын шинжтэй дараах зохицуулалтыг тусгасан. Үүнд:

1.Иргэнээс ашиг олох зорилгоор, байнга олгох зээлийн үйл ажиллагаа болон барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэгчид тодорхой шаардлага тавьж, бүртгэл, хяналттай болгох, тэдгээрийг Иргэний хуульд заасан нэг удаагийн шинжтэй иргэд хоорондын зээлийн гэрээнээс ялгах /business to costumer/ болон /customer to costumer/ зарчимд үндэслэн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийг боловсруулсан. Ингэснээр иргэн, эсхүл компани бүртгэлд бүртгүүлэлгүйгээр зээлийн үйл ажиллагааг ашгийн төлөө, байнга явуулах тохиолдолд хүү авах эрхээ алдаж, холбогдох зөрчлийн хэргийн хариуцлага хүлээх нөхцөл бүрдэнэ гэжээ.

2.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчид бүртгэл, хяналттай болсноор тэдгээрээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг Санхүүгийн зохицуулах хорооны дэргэд ажиллах Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл тогтоох, дээд хэмжээ дотроо үйл ажиллагаа эрхлэгч нар өрсөлдөх зарчмыг хангахаар хуулийн төсөлд тусгасан.

3.Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй байх талаар Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан байдаг. Энэ утгаараа зээлийн үйл ажиллагаа байнга, ашиг олох зорилгоор эрхэлж буй этгээд анз (алданги, торгууль) хэрэглэхгүй, зөвхөн нэмэгдүүлсэн хүү тооцох зарчимтай. Гэтэл иргэнээс олгох зээлийн үйл ажиллагаа нь ашгийн төлөө, байнгын шинжтэй болж, хэт өндөр хүү тогтоохоос гадна алдангийг гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувиар тооцож зээлдэгчээс авч байна. Ийм учраас ашгийн төлөө, байнга зээл олгох иргэдийн үйл ажиллагааг бүртгэлтэй болгосноор Иргэний хуульд заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдэд тооцогдон хоног тутам алданги тооцохгүй байх, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тооцох боломжтой байдлаар хуулийн төсөлд тусгасан.

4.Иргэнээс олгох болон зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй компани зээл олгохдоо 1 хувийн шимтгэл авч байгааг бичил санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх эдгээр эрхлэгчээс олгох зээлд шимтгэл авахыг хориглохоор тусгасан.

5. Өдрийн зээл буюу хүүг урьдчилан авахыг хориглох асуудлын талаар тусгасан. Зээлдэгч зээлийг авч хэрэглэснээр ашигласан хугацааны мөнгөн дүнг зээлдүүлэгчид төлөх нь зээлийн гэрээний гол зарчим байдаг боловч өдрийн зээл нэрэн доор үндсэн зээлийг бүрэн ашиглаагүй байхад өдөр өдрөөр тооцон үндсэн зээл, хүүг зээлдүүлэгчид төлдөг зээлийн хэлбэр түгээмэл байдлаар иргэдийн дунд байнга явагдах болсон. Тиймээс зээлийн хүүг урьдчилан авахыг хориглож, хэрэв урьдчилж үндсэн зээл, хүүг тооцож авбал Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээх байдлаар хуулийн төсөлд тусгасан баййна.

6.Түүнчлэн иргэнээс олгох зээлийн үйл ажиллагаа, барьцаалан зээлдүүлэх газрын үйл ажиллагаа эрхлэгчид тодорхой мэргэжлийн болон бусад шаардлагыг тавьж, тус үйл ажиллагааг цаашид мэргэжлийн болгоход чиглэсэн зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан.

7.Хуулийн төсөлд зээлийн гэрээ, холбогдох барьцаа, батлан даалтын гэрээнд заавал тусгах зүйлс, гэрээг хадгалах, бүртгэх, үүнд цахим бүртгэл хөтлөх, цагдаагийн байгууллагад сэжиг бүхий барьцааны зүйлийн талаар мэдээлэх, барьцааны зүйлийг өдөр бүр цахим бүртгэлд оруулах, барьцааны зүйлийг зарж борлуулах талаарх мэдэгдэл гаргах хугацаа, хэлбэр, барьцааны зүйлийн үнэлгээний талаарх зээлдүүлэгчийн үүргийг тусгасан.

8.Зээлийн үйл ажиллагааг зөвхөн бүртгэлтэй этгээд сурталчлах, сурталчилгаанд тавих агуулгын шаардлага, заавал тусгах мэдээлэл, үүнд зээлийн хүүгийн хэмжээ гэх мэт, зээлийн үйл ажиллагаа эрхлэгч бүртгэлийн гэрчилгээгээ үйл ажиллагаа эрхлэх газраа байршуулах үүрэг, зээлийн хүүгийн хэмжээг ил тод баршуулах зэрэг үүргийг хуулийн төсөлд тусгасан.

9.Иргэнээс олгох зээлийн үйл ажиллагаа эрхлэгч, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэгчийг аймаг, нийслэлийн Засаг дарга бүртгэх, харин тодорхой мөнгөн дүнгээс дээш хөрөнгийн үнэлгээтэй, 2 болон түүнээс дээш аймагт, эсхүл аймаг, нийслэлд салбараа байгуулахыг хүссэн барьцаалан зээлдүүлэх газрын үйл ажиллагаа эрхлэгчийг Санхүүгийн зохицуулах хороо бүртгэж, холбогдох хяналт шалгалтыг эдгээр байгууллагаас хийх, хариуцлага тооцох, бүртгэлийн гэрчилгээг түдгэлзүүлэх, эсхүл хүчингүй болгох арга хэмжээ авах талаар хуулийн төсөлд тусгасан.

10.Хуулийн төсөлтэй холбогдуулан Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан байна.

Эх сурвалж: www.mojha.gov.mn