ХУВЬ ХҮНИЙ МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ЭРХ ЗҮЙН ОРЧИН
Монголын “Эрх зүйн эх толь бичиг”-т “Хувь хүн (individual) гэдэг нь биологийн зүйлийн шинжийг агуулсан, онтогенез, филогенез хөгжлийн бүрэлдэхүүн”[1] гэж тайлбарлажээ. Харин “мэдээлэл” гэдгийг хэл зүйн утгаар нь ямар нэгэн үйл явцын тухай ам болон бичгээр дэлгэрэнгүй мэдээлэх явц, мэдээ дамжуулах, түгээхийг[2] хэлнэ гэж тодорхойлсон байдаг.
Хувь хүний мэдээллийг хамгаалах шаардлага нь Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээгээр тунхагласан хувийн халдашгүй байдлыг хүлээн зөвшөөрч хамгаалах суурь үзэл санаанд тулгуурладаг.
Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “...Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална”, 17 дахь хэсэгт “...Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална” гэж заасан.
Түүнчлэн Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ болох Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын актын 17.1 дэх хэсэгт “Хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн буюу хууль бусаар оролцох, орон байранд нь буюу захидал харилцааных нь нууцад дур мэдэн буюу хууль бусаар халдах, эсхүл нэр төр, алдар хүндэд нь хууль бусаар халдахыг хориглоно.” гэж, 17.2 дахь хэсэгт “Хүн бүр тийм оролцоо, халдлагаас хуулиар хамгаалуулах эрхтэй” гэж,
Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 12 дугаар зүйлд “Хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн оролцох, орон байрны халдашгүй байдал, захидал харилцааных нь нууц болон нэр төр, алдар хүндэд нь халдах ёсгүй. Тийм оролцоо халдлагын эсрэг хэн ч бай хуулиар хамгаалуулах эрхтэй” гэж тус тус заасан.
Хувь хүний мэдээлэл нь хувь хүний нууцыг өөртөө багтаасан өргөн хүрээний ойлголт бөгөөд хувийн халдашгүй байдлын хүрээнд хуулиар хамгаалагдах ёстой юм.
Монгол Улсад Хувь хүний нууцыг тогтоох, хамгаалахтай холбогдсон харилцааг Иргэний хууль, Эрүүгийн хууль, Хувь хүний нууцын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хуулиар зохицуулдаг бол хувь хүний мэдээллийг хамгаалах асуудлыг тусгайлан зохицуулсан хууль одоогоор байхгүй байна.
[1] Монголын эрх зүйн эх толь бичиг(дөрөв дэх хэвлэлт), Уб 2015., 521-522 дахь тал.
[2] Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь, 5 боть. Шинжлэх ухааны академи, Уб., 2007 он, М-С, 1289 дэх тал