ОЮУНЫ ӨМЧИЙН ИТГЭМЖЛЭГДСЭН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

Монгол Улсын Их Хурлаас Оюуны өмчийн тухай хуулийг батлан гаргаж, тус хуулийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа билээ. Хуулийн нэг шинэчилсэн зохицуулалт нь оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн талаарх зохицуулалт юм.

Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон эрхийн хүрээнд оюуны өмчийн байгууллага болон эрх бүхий байгууллагад төлөөлүүлэгчийг төлөөлөх эрхтэй иргэн, хуулийн этгээд байна. Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулах бөгөөд тусгай зөвшөөрлийг Оюуны өмчийн байгууллага олгохоор хуульчилсан.

Оюуны өмчийн газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/08 дугаар тушаалын хавсралтаар “Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, тэдгээрийн үйл ажиллагаанд баримтлах журам”-ыг баталсан байна.

Журмын Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг сонгон шалгаруулах журамтай холбоотой хэсгийг танилцуулж байна.

Сонгон шалгаруулах ажиллагаа нь дараах үе шаттай явагдана.

1.      Шалгалтыг зарлах, бүртгэх;

2.      Шалгалтад оролцогчдыг бүрдүүлсэн баримтыг нягтлан шалгах;

3.      Шалгалтад оролцох эрх олгох, нэрсийг баталгаажуулах;

4.      Шалгалт зохион байгуулах;

Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шалгалт зарлах тухай Оюуны өмчийн байгууллагын дарга тушаал гаргах ба уг тушаалд Шалгалтын хорооны бүрэлдэхүүн болон шалгалтын хугацааг тодорхой заана.

Шалгалтын товыг шалгалт эхлэхээс 30-аас доошгүй хоногийн өмнө Оюуны өмчийн байгууллагын цахим хуудсаар нийтэд зарлана. Шалгалтын товд шалгалтын хуваарь, бүртгэх, шалгалт авах газар, хугацаа, шалгалтын дарааллыг заана. Шалгалтыг 3 жил тутамд 1-ээс доошгүй удаа зохион байгуулна.

Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах шаардлагыг хангасан байх шаардлагатай. Үүнд:

-       Дээд боловсролтой;

-       Оюуны өмчийн салбарт гурваас доошгүй жил ажилласан;

-       Ял шийтгэлгүй;

-       25 нас хүрсэн;

-       Монгол Улсад байнга оршин суудаг Монгол Улсын иргэн байна.

Дээрх шаардлагыг хангасан иргэн дор дурдсан баримтыг бүрдүүлэн шалгалтын хороонд ирүүлнэ. Үүнд:

-       Өргөдөл;

-       Иргэний үнэмлэх, хуулбарын хамт;

-       Дээд боловсролын диплом, хуулбарын хамт;

-       Оюуны өмчийн салбарт ажилласан тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;

-       Шалгалтын үйлчилгээний хөлс төлсөн баримт.

Шалгалтад оролцогчийн дээд боловсролын диплом болон ял шийтгэл, гэмт хэрэгт холбогдсон буюу сэжигтэн, ялгагдагчаар татагдсан эсэх лавлагааг шалгалтын хороо холбогдох байгууллагаас авч нягтлан шалгана.

Шалгалтын хороо нь дор дурдсан үндэслэлээр өргөдөл гаргагчийг шалгалтад оролцуулахаас татгалзах эрхтэй.

-    Өргөдөл гаргагч энэхүү журмын 3.2-т заасан баримт бичгийг дутуу буюу хуурамчаар үйлдсэн бол;

-       Шалгалтад оролцогчид тавигдах болзол, шаардлага хангаагүй бол;

-       Хууль тогтоомжоор хориглосон нөхцөл байдал илэрсэн бол.

Шалгалтын хороо шалгалтын товоос 25-аас доошгүй хоногийн өмнө зохих шаардлагыг хангасан өргөдөл гаргагчид шалгалтад орох эрх олгож, нэрсийг баталгаажуулан бүртгэлийн хуудас олгоно.

Иргэн шалгалтад орохоор бүртгүүлэхдээ хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, худал мэдүүлсэн нь шалгалтын явцад, эсхүл шалгалтын дараа илэрсэн тохиолдолд тухайн иргэний шалгалтын үнэлгээг хүчингүйд тооцох үндэслэл болох бөгөөд үүнээс үүсэх хохирол, хариуцлагыг иргэн өөрөө хариуцна.

Шалгалтын хороо шалгалтыг дараах байдлаар зохион байгуулна;

-       Шалгалт нь оюуны өмчийн мэдлэгийг сорьсон сорилын шалгалт болон мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох ганцаарчилсан ярилцлагын хэлбэрээр явагдана.

-       Сорилын шалгалт нь энэ журмын патент, барааны тэмдэг, газар зүйн заалт, зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрх гэсэн төрөлтэй байна.

-       Шалгалтад оролцогч сорилгын шалгалтын 100 онооноос 70 оноо авсан бол ярилцлагын шалгалтад оролцох эрхтэй болно.

Дээрх шалгуурыг хангасан оролцогчоос ярилцлагын шалгалт авч, шалгалтын нэгдсэн дүнг шалгалтын хороо хуралдаанаар хэлэлцэж, гарсан шийдвэр болон бусад холбогдох материал, тусгай зөвшөөрөл олгох саналын хамт Оюуны өмчийн байгууллагын даргад хүргүүлнэ.

Оюуны өмчийн газар нь Шалгалтын хорооны шийдвэр болон бусад холбогдох баримт бичиг, тусгай зөвшөөрөл олгох саналыг үндэслэн үйл ажиллагааны төрлийг заасан итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тусгай зөвшөөрөл олгоно.

Шалгалтын хороо нь шалгалттай холбоотой оролцогчоос гаргасан санал, хүсэлт, гомдлыг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэж хариу өгөх, шаардлагатай тохиолдолд Оюуны өмчийн байгууллагын даргад танилцуулж шийдвэрлүүлнэ.

Шалгалтын хороо болон Оюуны өмчийн байгууллагын даргын шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд хандаж болно.

Эх сурвалж: https://www.legalinfo.mn/annex/details/11625?lawid=16117