БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДАВ

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн Монгол Улсын Их хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.

Банкны тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хэрэгжилтийг хангуулснаар банкны хувьцаа эзэмшлийн төвлөрөл буурч, өмчлөл-удирдлага-хяналтын тэнцвэртэй байдлыг бүрдүүлэх ач холбогдолтой гэж хууль санаачлагчид үзсэн байна.

Тус хуульд дараах зарим онцлог зохицуулалтууд багтсан. Үүнд:

1. Банкны системийн нөлөө бүхий банк нь 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор нээлттэй хувьцаат компани болж, санхүүгийн зах зээлд IPO гаргасан байх үүрэгтэй болно. Харин бусад банкуудад нээлттэй эсхүл хаалттай хувьцаат компани байх боломжтой.

2. Нэг хувьцаа эзэмшигч дангаараа болон холбогдох этгээдийнхээ хамт тухайн банкны нийт гаргасан хувьцааны 20 хувиас хэтрэхгүй хэмжээний хувийг эзэмшихээр тусгаж өгсөн. Хуулийн энэхүү шаардлагыг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүх банк хангах үүрэгтэй.

3. Банкны төлөөлөн удирдах зөвлөл ес ба түүнээс дээш гишүүнтэй байна. Түүний гуравны нэгээс доошгүй хувь нь хараат бус гишүүн байна.

4. Монголбанк банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн[1] хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт орох, хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас нэмж гаргах зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч, энэ хуульд заасан шаардлага, шалгуурыг хангасан баримт бичиг бүрэн гүйцэд бүрдсэнээс хойш 60 хоногийн дотор зөвшөөрөл олгох эсэх тухай шийдвэр гаргаж энэ талаар банкинд мэдэгдэнэ. Хэрэв нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулахыг Монголбанк зөвшөөрөөгүй, эсхүл энэ хуульд заасан шаардлага, шалгуурыг хангаагүй бол тухайн хувьцаа нь саналын эрхгүй, ногдол ашиг авах эрхгүй байна.

5. Тус хуулиар дараах үйл ажиллагааг хориглосон байна. Үүнд:

    - Банкны хувьцаа эзэмшигч нь хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасыг барьцаалах, Монголбанкны зөвшөөрөлгүйгээр банкинд буцаан худалдахыг;

    - Иргэн, хуулийн этгээд бусдын нэрийг ашиглан банкны хувьцааг шууд бус хэлбэрээр эзэмшихийг;

    - Гадаадын хөрөнгө оруулалттай банкны хувьцааг Монголбанк зөвшөөрснөөс бусад этгээдэд худалдахыг;

    - Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд өөр банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг.

 

Эх сурвалж: “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2021 оны № 08 (1158)



[1] банкны хувьцааны тав ба түүнээс дээш хувийг дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмшиж байгаа этгээд, тэдгээрийн эцсийн өмчлөгч хүн, эсхүл банкны бодлого, шийдвэр болон удирдлагад нөлөөлөхүйц хувьцаа эзэмшигч, түүний эцсийн өмчлөгч хүнийг