НИЙТ ШҮҮГЧИЙН ЧУУЛГАН, ТҮҮНИЙ ЭРХ ХЭМЖЭЭ

Монгол Улсын Шүүхийн тухай хууль 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шинэчилсэн найруулгаар батлагдсан бөгөөд 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байна. 

Тус хуулийн Гуравдугаар бүлэг, Монгол Улсын шүүхийн тогтолцоо хэсэгт нийт шүүгчийн чуулган, түүний эрх хэмжээний талаар тусгайлан зохицуулсан бөгөөд бүх  шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн хуралдаан /цаашид “нийт шүүгчийн чуулган” гэх/-ыг хоёр жил тутам зохион байгуулахаар хуульчилжээ.

Нийт шүүгчийн чуулганаар дараах асуудлыг шийдвэрлэнэ.  Үүнд:

     - Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны шүүгч гишүүнийг сонгох, огцруулах;

     - Шүүх эрх мэдлийн хүрээнд дагаж мөрдөх хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналыг Улсын дээд шүүхэд уламжлах;

     - Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны үйл ажиллагааны тайланг сонсох;

    - Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 19.2.5[1]-д заасан хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмыг батлах;

     - Шүүхийн үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг авч хэлэлцэх, зөвлөмж гаргах.

Мөн хуульд нийт шүүгчийн чуулган хуралдааны дэгээ өөрөө тогтоохоор заажээ.  Түүнчлэн нийт шүүгчийн ээлжит бус чуулганыг хуралдуулж болох бөгөөд ээлжит бус чуулганыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, эсхүл бусад шүүхийн Ерөнхий шүүгчдийн гуравны нэг, эсхүл нийт шүүгчийн тавны нэгээс доошгүйн саналаар хуралдуулахаар зохицуулсан байна.

Нийт шүүгчийн олонх оролцсоноор чуулганыг хүчинтэйд тооцох бөгөөд асуудлыг чуулганд оролцогчдын олонхын саналаар шийдвэрлэх ба нийт шүүгчийн чуулганд шүүгч биечлэн оролцох боломжгүй тохиолдолд түүнийг цахимаар санал өгөх боломжоор хангана. Харин Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны гишүүнд нэр дэвшигч шүүгчийг нууц санал хураалтаар сонгоно. Нийт шүүгчийн чуулганы шийдвэр тогтоол хэлбэртэй байна. 

Мөн нийт шүүгчийн чуулганыг Улсын дээд шүүхийн Зөвлөгөөнөөс сонгосон хоёр, нийслэлийн эрүү, иргэний болон захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Зөвлөгөөн тус бүрээс сонгосон нэг, дүүргийн анхан шатны шүүхээс  шүүгчээр хамгийн олон жил ажилласан хоёр шүүгч, Ерөнхий зөвлөл дотроосоо сонгосон хоёр гишүүнээс бүрдсэн ажлын хэсэг зохион байгуулна. Ажлын хэсэг нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулж дуусах хүртэл ажиллах бөгөөд ахлагчаа дотроосоо нууц санал хураалтаар сонгоно. Ерөнхий зөвлөлийн ажлын алба нийт шүүгчийн чуулганы зохион байгуулалтын асуудлаар ажлын хэсэгт туслалцаа үзүүлэх бөгөөд чуулганы баримтыг архивлах асуудлыг хариуцна.

Нийт шүүгчийн чуулган даргалагчаа дотроосоо сонгох ба нийт шүүгчийн чуулганаар хэлэлцэх асуудлын саналыг тоолох үүрэг бүхий тооллогын комисс ажиллана. Тооллогын комиссын бүрэлдэхүүнд хяналтын болон давж заалдах шатны шүүхээс тус бүр хоёр, анхан шатны шүүхээс гурван шүүгчийг нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгож, комиссын даргыг гишүүд дотроосоо сонгоно.

Мөн Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны үйл ажиллагааны тайланг нийт шүүгчийн чуулганаар сонсохдоо хэлэлцүүлэг явуулахгүй бөгөөд дүгнэлт, шийдвэр гаргахгүй.

 

 

Эх сурвалж: “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2021 оны № 05(1155)

 



[1] 19.2.5. энэ хуулийн 19.3-т заасан нөхцөл, шаардлага болон энэ хуулийн 20.2.4-т заасан нийтлэг журамд үндэслэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг батлах;

 

2 19.3. энэ хуулийн 19.2.5-д заасан журам нь хуваарилагдах шүүгчийг урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлоор хуваарилах нөхцөлийг хангасан байх бөгөөд дараах шаардлага хангасан программ хангамжийг ашиглана

 

3   20.2.4. энэ хуулийн 19.2.5-д заасан хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмыг батлах;